Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Д.Амарбаясгалан Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, ТУЗ-ийн дарга Б.Сүх-Очир, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр “Засгийн газраас төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг иргэд, олон нийтийн хяналтад шилжүүлэх, үйл ажиллагаа, менежментийг нь сайжруулах, нийгэмд гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх бодлого баримталж байгаа. Энэ томоохон зорилтын эхлэл нь Хөрөнгийг биржийг либералчилж, олон улсын стандартын шаардлага хангасан IPO гаргах ажил юм” гээд хугацаатай үүрэг, даалгавар өгөв. Мөн Хөрөнгийн биржийг олон нийтэд нээлттэй болгох асуудлыг алдаа дутагдалгүй, төлөвлөсөн хугацаанд нь хэрэгжүүлэхийг чиглэл болголоо. Тодруулбал, энэ оны арванхоёрдугаар сард багтаан олон улсын стандартад нийцсэн хувьцаа гаргах шаардлагатайг онцгойлон анхааруулав. Эл зорилтыг хэрэгжүүлэхийн тулд ТУЗ гишүүдээ бүрэн дайчилж оролцох хэрэгтэйг хэллээ. Тэрбээр Засгийн газраас бүх талаар дэмжинэ гээд явцын талаарх мэдээллийг сар болгон тайлагнаж, тогтмол хяналт тавьж ажиллах чиглэл өгсөн юм.