УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өчигдөр “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ “Нийт 2.5 сая иргэнд 72 төрлийн халамж үзүүлж байна. Үүнд 1.8 их наяд төгрөг зарцуулж буй. Гэхдээ заримыг нь эзнээ олоогүй, хавтгайрсан гэж шүүмжилдэг нь бодит байдалтай нийцсэн гэж хэлж болно. Төсөв дэх цалингаас бусад зарлага 2008 онд 5.4 их наяд төгрөг байсан бол 2021 онд 10.3 их наядад хүрсэн. Энэ нь халамж нэмэгдсэнтэй холбоотой. Ирэх оны төсвийг хэлэлцэхдээ хүүхдийн мөнгийг 100 мянга болгосон шийдвэрээ эргэн харах ёстой. Хүүхдийн мөнгө олгоход 1.5 их наяд төгрөг зарцуулж байгаа. Энэ мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй” гэв. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Өндөр орлоготой хэсэг нь хүүхдийн мөнгөнөөс татгалзах өөрчлөлтийг 2023 оны төсвийн төсөлд тусган хэрэгжүүлэхээр төлөвлөсөн” хэмээлээ. Мөн тэрбээр “Амралтын өдрүүдээр Дархан, Сэлэнгийн бүс нутагт ажиллалаа. Очсон газар болгонд ажиллах хүч дутагдалтай байна. Цалин нь 1.5 сая төгрөг байхад л ажиллах хүнгүй гэнэ. Залууст ажиллах сонирхол алга. 2050 он гэхэд 65-аас дээш насныхны тоо гурав дахин нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн насны хүн багасна. Тиймээс нийгмийн даатгалын шинэчлэлийг эрчимжүүлж, хөдөлмөрийн насны залуусыг олон талаар дэмжих шаардлагатай. Энэ бүхнийг цогцоор нь харах хэрэгтэй. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстой. Нөгөө талаас Монгол Улсын өрийн байдал эрсдэл өндөртэйд тооцогдож байна. Нэг ёсондоо өрөөр халамжийг санхүүжүүлж буйг сүүлийн 10-аад жилийн статистик, тоо, баримт харуулж байгаа юм. Эцсийн дүндээ халамжийн мөнгийг татвар төлөгчдөөс цуглуулдаг” гэв.
Тус хэлэлцүүлэгт оролцсон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 1500 өрхийг ядуурлаас гаргах төлөвлөгөө хэрэгжүүлэхээ дуулгав. Мөн Засгийн газраас баримталж буй “Халамжаас хөдөлмөрт” бодлогын хүрээнд ажил хайгч иргэнтэй тулж ажиллаж, чадавхыг нь үнэлэх талаар танилцуулсан юм. Өөрөөр хэлбэл, үнэлгээний дүнд үндэслэн хөдөлмөр эрхлэх төлөвлөгөөг ажил хайгч иргэн, яамныхан хамтдаа боловсруулж, хэрэгжүүлэх аж. Түүнчлэн бичил аж ахуй эрхлэгчдийг хөнгөлөлттэй, хүүгүй зээлээр дэмжих гэнэ. Ингэхдээ 50-иас доошгүй хувьд нь эмэгтэйчүүдийг хамруулах аж. Банкаар дамжуулан олгох 20 тэрбум төгрөгийн санхүүжилтийг аж ахуй эрхлэгч 1400 орчим иргэнд олгохоор тооцсон байна. Мөн аймаг, нийслэл, орон нутаг дахь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих байгууллагаар дамжуулан 28 тэрбум төгрөгийн зээлийг дээрх зарчмаар олгохоор төлөвлөжээ. Үүнийг 3500 орчим хүнд өгөхөөр тооцсон бөгөөд эдгээрийн үр дүнд 5200 ажлын байр бий болгох гэнэ. Шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг олж, шийдвэрлэснээ сайд Д.Сарангэрэл хэлэв. Түүнчлэн цаашид “Залуучуудын оролцоо” төсөлд 5000 орчим хүнийг хамруулж, 80-аас доошгүй хувийг нь ажилтай, орлоготой болгоно гэлээ.
Харин Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр хэд хэдэн сонирхолтой тоо дурдав. Тухайлбал, их, дээд сургуулиудад сүүлийн таван жилд огт элсэлт аваагүй 76 хөтөлбөр бий аж. Мөн МСҮТ-үүд үсчин, гоо сайханчийн чиглэлээр хамгийн их элсэлт авч байгаа ч эрэлт нь тэг хувьтай буйг тэрбээр онцолсон юм. Барилга, оёдол гээд эрэлт ихтэй мэргэжлээр бэлтгэж байгаа ч захиалагчийн шаардлагыг хангадаггүй гэнэ. Тухайлбал, МСҮТ-ийг төгсөхдөө хамгийн ихдээ дөрвөн оёдол сурдаг бол массын үйлдвэрлэл нэвтрүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд 26-30 оёдол эзэмшсэн байх шаардлага тавьдаг юм байна.