УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тэргүүтэй гишүүд Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг өргөн барилаа. Мөн үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг өргөн барих гэж байна. Олон хүн гайхаж байж магадгүй. Би гэрийн тэжээвэр амьтан тэжээдэггүй. Өнгөрсөн жил "Азтай савар" ТББ-ын залуус холбогдож, амьтны эрхийг хамгаалж, нийгмийн болон хүн, амьтны эрх ашгийн хангах санал тавьсан. Энэ хууль нь амьтны гэхээс илүү хүний тухай хууль юм байна. Тиймээс энэ харилцааг зохицуулах шаардлагатай. Дэлхийн 100 гаруй улс гэрийн тэжээвэр амьтны тусгай хуультай байдаг. Энэ хуулийн санаачлагч нь иргэд, залуучууд юм" гэсэн юм.
Хуулийн төслийн талаар "Азтай савар" ТББ-ын гишүүн, хуульч У.Азжаргал "Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах болон эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулж байна. Хотжилттой холбоотойгоор гэрийн тэжээвэр амьтан тэжээж буй хүний нэмэгдэж байгаа. Албан бус судалгаагаар нийт иргэдийн 25 хувь нь гэрийн тэжээвэр амьтан тэжээдэг. Улсын хэмжээнд 320 гаруй мянган эзэнгүй нохой, муур байна гэх судалгаа гарсан. Тэжээж буй иргэд сайн мэдлэггүйн улмаас амьтадаа үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэдэггүй. Үржил хязгаарлах мэс ажилбар хийлгээгүй амьтдын тоо толгой хэрхэн өсдөг талаарх судалгаанд нэг нохой жилд дунджаар 16 гөлөг гаргалаа гэхэд гурван жилийн дараа 512 болтлоо өсдөг. Харин муур жилд дунджаар 24 зулзага гаргадаг бол тооцвол гурван жилийн 11,800 болтлоо өсдөг тухай дурдсан байдаг. Гэтэл манай улс эзэнгүй амьтны эсрэг зөвхөн буудаж устгах арга хэрэглэдэг. Энэ ажилд нийслэлд жилд 1.2-1.8 тэрбум төгрөг зарцуулдаг. Ийм хэмжээний хөрөнгөөр жилд 100 мянга гаруй нохой, муур устгахаар төлөвлөдөг ч бодит байдал дээр 80-90 мянгыг устгадаг байна. Харин цаана нь үлдсэн нь дээр дурдсанчлан өсөж үржиж байдаг. Тиймээс буудаж устгах арга замыг шийдэх шаардлагатай болсон.
Үүнээс гадна буудаж устгасан амьтдыг бөөнд нь хогийн цэгт булснаар хөрс, агаарын бохирдол үүсдэг. Буудаж устгасан 216 нохойд шинжилгээ хийхэд 67.1 хувь нь шимэгч хорхойтой болох нь тогтоогдсон. Түүнчлэн эзэнгүй найман нохой тутмын нэг нь бэтэг өвчин үүсгэгчтэй. Бэтэг өвчин нь амьтнаас хүнд шууд халдварлахын зэрэгцээ ялгадсаар нь дамжиж халдварладаг байна. Гэтэл Улаанбаатар хотод 18 метр тутамд нохойн ялгадас байна. Нөгөө талд 2020 онд нохойд хазуулсан иргэний тоо 3,855 байна. Үүний 90 хувь нь эзэнтэй нохой байсан. Харин хазуулсан иргэдийн 37 хувь нь 0-15 насны хүүхэд байна" гэв.
"Азтай савар" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, хуульч н.Золзаяа "Дэлхийн 124 улс гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцааг зохицуулсан хуультай байдаг. Манай улсын хувьд гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцааг цогцоор нь зохицуулдаг хууль тогтоомж одоогоор байхгүй байна. Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл нь бүтцийн хувьд, есөн бүлэг, 52 зүйлтэй. Хуулийн төсөлд асран хамгаалагч, түр харагч гэх шинэ нэр тусгагдсан байгаа. Амьтныг түр харж байгаа иргэн нь асран хамгаалагчийн адил үүрэг хүлээнэ. Асран хамгаалагч нь тэжээвэр амьтнаа олон нийтийн газар дагуулж явах үедээ зориулалтын хөтөлгөө, хошуувчтай авч явах, нохой, мууранд бичил чип суулгуулж бүртгүүлэх, урьдчилан сэргийлэх тарилга туулгад хамруулах, үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэх, олон нийтийн газрыг нохой, муурын ялгадсаар бохирдуулахгүй байх, бохирдуулсан тохиолдолд цэвэрлэж, хогийн цэгт хаях зэрэг үүрэг хүлээнэ. Түүнчлэн 18 насанд хүрсэн, гэрийн тэжээвэр амьтныг хоол, орон байраар хангах орлогын эх үүсвэртэй байх шаардлагатай гэж мөн тусгасан" гэсэн юм.