Орон зайд орших дүрс, хөрөг, юмс... Хийсвэр мэт харагдах ч, бодит. Эгээ л насан туршаа эрэн бэдрээд үл олох, бас хүсвэл бодол сэтгэлийнхээ хаа нэгтээ олчихож мэдэх Шамбалын орон мэт. Оршихуйн түмэн асуулт, утга учир, зүй тогтлыг урлагаас эрэх урт, заримдаа үл төгсөх зам ч үүнтэй адил. Энхэл донхолтой энэ л замд туршиж, хувьсаж, олж нээж, бүтээсэн бүхнээ зураач Мартын Батзориг “Шамбал” хэмээх үзэсгэлэндээ дэлгэлээ.
Тэрбээр сүүлийн 10 жилийн хугацаанд туурвисан 30 бүтээлээ багцлан, нэгэн цогцод ийнхүү зангидсан бөгөөд тосон зургийн ажлуудаас нь гадна хэвлэлийн технологи, ассембляж зэрэг шинэ бүтээц, хэлбэрийг туршсанаа ч танилцуулжээ.
Компьютер, цахилгаан хэрэгсэл, тавилга, замын тэмдэг зэрэг эд зүйлээс бүтсэн, содон хэлбэр, агуулга бүхий түүний ассембляжууд хийсвэр, хоосноос үүдсэн төсөөллийг эд зүйлээр, өнгө будаг, санаагаар дамжуулан бодитжуулахыг зорьсон мэт.
Уран бүтээлчийн эрэл, тэмүүллийг дүрс, өнгө, өнцөг, эсрэгцэл, огтолцолд шингээсэн “Шамбал” үзэсгэлэнг тольдохыг хүсвэл ХААН Банк цамхгийн 3-р давхарт байрлах ХААН галерейг зориорой. Үзэсгэлэн энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ.