“Дижитал эксчэйнж Монголиа”, “Ай дакс”, “Койн хаб” ХХК-ийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэсэн тухай тогтоолыг Санхүүгийн зохицуулах хорооноос гардуулжээ. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө ийм хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байсан этгээд гурван сарын хугацаанд хууль, журамд заасан шаардлагад нийцүүлэн тус хороонд бүртгүүлэх үүрэг хүлээсэн юм. Үүний дагуу дээрх гурван компани холбогдох хууль, журмын шаардлага, баримт бичгийн бүрдлийг хангасан тул ийнхүү виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч анхны компаниудаар бүртгэжээ. Уг хуульд зааснаар зөвхөн эл хороонд бүртгүүлсэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулж ийм хөрөнгийг олон нийтэд санал болгон, арилжих ёстой. Хэрэв бүртгүүлэлгүйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлбэл Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх аж.
Бэлтгэсэн Ц.Ундрал