Засгийн газрын ээлжит хуралдаан өнгөрсөн пүрэв гарагт болж, гаргасан шийдвэрүүдээ дараа өдөр нь мэдээлэв. Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулсан тул Тогтвортой хөгжлийн, Цахим хөгжлийн үндэсний хороог татан буулгалаа. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрыг байгуулсантай холбоотойгоор Усны үндэсний хороог цаашид ажиллуулахгүй нь. Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга (Монгол Улсын сайд), Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга (Монгол Улсын сайд) ажиллах болсон тул Олимпизмыг дэлгэрүүлэх, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх, Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Хилийн боомтын үндэсний зөвлөлийг ажиллуулах шаардлагагүй гэж үзлээ.
Түүнчлэн хуулиар тусгайлан заагаагүй, чиг үүргийг тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцах боломжтой, байнгын бус үйл ажиллагаатай зарим зөвлөл, хороог татан буулгав. Үүний хүрээнд нийт 22 хороо, зөвлөлийг татан буулгаж, зургааг нь нэгтгэж, 13-ыг нь сайдын эрхлэх асуудалд үлдээсэн юм. Улмаар нийт үндэсний 29 хороо, комисс, зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр батлав. Тодруулбал, Ерөнхий сайдын ажлын ачааллыг харгалзан Засгийн газрын тэргүүн ахлахаар хуульчилснаас бусад үндэсний хороо, комисс, зөвлөлийг тухайн асуудлыг эрхэлсэн сайд нь тэргүүлэхээр болж байна. Ингэснээр Ерөнхий сайд Залуучуудын хөгжлийн, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын, Жендерийн, Оюуны өмчийн, Усны, Хүүхдийн болон Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийг тэргүүлж ажиллах нь.
Мөн БОАЖЯ-ны харьяа зарим байгууллагынх нь хамт хотын төвөөс нүүлгэж, Хан-Уул дүүргийн IV хороон дахь “Байгаль орчны судалгаа шинжилгээний төв” УТҮГ-ын байранд ажиллуулахаар боллоо. Үүнд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Үүнээс гадна Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журaм батлав. Уг журамд нээлттэй мэдээллийн ил тод байдлыг хүртээмж, хугацаандаа нийтлэгдсэн, эсэх, бүрэн бүтэн болон эх сурвалжийн тодорхой байдал зэргээр үнэлэхээр шалгуур үзүүлэлтэд тусгажээ. Түүнчлэн ямар мэдээллийн хэрэгсэл ашигласан, цаг хугацаандаа, бүрэн мэдээлсэн, эсэх зэргээр үнэлэх нь. Тайлангийн тухайд мэдээлэл хариуцагч өөрийн хариуцсан асуудлын хүрээнд хамаарах нээлттэй мэдээллийн ил тод байдлыг журамд зааснаар үнэлж, тогтсон хүснэгтийн дагуу гаргах гэнэ. Үнэлгээний тайланг салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нэгтгэж, бусад мэдээлэл хариуцагч жил бүрийн хоёрдугаар сарын 1-ний дотор тоон гарын үсгээр баталгаажуулан цахим хэлбэрээр хүргүүлэх аж.
Бэлтгэсэн У.Наран