Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гарагт Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа зорилтууд болон дэлхий дахинд өрнөж буй үйл явц, улс орны нийгэм, эдийн засгийн бодит байдлыг танилцуулав. Мөн 2023 оны улсын төсвийг боловсруулахдаа шинэ жишиг бий болгож, зарлага тал буюу халамжаа багасган, орлогоо дэмжих хөрөнгө оруулалтуудаа нэмэхээр төлөвлөж байгааг онцоллоо. Үүний сацуу “Шинэ сэргэлтийн бодлого” нь зөвхөн Засгийн газрын ажил биш, нийслэл, дүүрэг, орон нутгийн иргэд, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар эл цогц бодлогыг хэрэгжүүлж чадна гэв.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох сайд нар, Баянзүрх дүүргийн удирдлагууд 30 орчим иргэний сонирхсон асуултад хариулж, хүсэлтийг нь газар дээр нь шийдвэрлэсэн юм. Тухайлбал, тус дүүргийн хэмжээнд санхүүжилт нь тодорхойгүйгээс хөрөнгө оруулалтыг нь “царцаасан” 31 объект байгаагаас зураг, төсөв нь бүрэн болсныг нь ирэх оны төсөвт тусгуулах, сургууль, цэцэрлэгийн дөрвөн барилгын санхүүжилтийг шийдвэрлэхийг даалгасан. Мөн гэр хорооллын зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалтын зураг төсвийг бэлэн болгоход зориулж Ерөнхий сайдын багцаас дөрвөн тэрбум төгрөг олгохоор боллоо.