Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн хамгийн том буюу 346 мянган иргэн оршин суудаг Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа. Тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Засгийн газрын зарим гишүүд оролцов.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Алсын хараа- 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтууд болон дэлхий дахинд өрнөж буй үйл явц, улс орны нийгэм, эдийн засгийн бодит байдал, дэлхийг хэрсэн санхүүгийн хүндрэл дотоодод хэрхэн нөлөөлж болзошгүй байгаа талаар, ихэнх улс орныг хамраад байгаа санхүүгийн хямралт байдлыг Монгол Улс хэрхэн хохирол багатай даван туулахад чиглэсэн Засгийн газраас авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцууллаа.
УИХ-аар баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилд буюу 2020-2030 он хүртэл хэрэгжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол зорилго нь эдийн засгаа богино хугацаанд сэргээх зорилготой бөгөөд өнгөрсөн 30 жилд манай улсын хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлсийг арилгахад чиглүүлж уг бодлогыг боловсруулсан гээд Засгийн газраас 2023 оны улсын төсвийг боловсруулахдаа ч шинэ жишгийг бий болгож, зарлага тал буюу халамжаа багасгаж, орлогоо дэмжих хөрөнгө оруулалтуудаа нэмэхээр төлөвлөж байгааг онцлов.