Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-тай хамтран "Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармаг зохион байгуулна. "Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармаг нь өнөөдөр буюу есдүгээр сарын 22-ны өдөр нээлтээ хийж, есдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.
МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газрын дарга Ч.Баттулга дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Энэхүү үзэсгэлэн яармагийг жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн үзэсгэлэн яармагт Бүгд Найрамдах Беларус Улс, Малайз, Оросын Холбооны Улс, Тайвань улсаас болох 70 гаруй компани, аж ахуй нэгж оролцоно. Эдгээр аж ахуйн нэгжүүд, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, эм, эмийн бүтээгдэхүүн, боловсрол болон тээвэр логистик, мод бэлтгэл, банк санхүүгийн салбарын бүтээгдэхүүнийг дэлгэж, Монголын хэрэглэгчдэд таниулах юм. Үзэсгэлэн яармагт дотоодын 30 гаруй компани оролцоно. Түүнчлэн МҮХАҮТ-д есдүгээр сарын 22-нд Монгол-Оросын бизнес форум, есдүгээр сарын 23-нд Монгол-Беларусын бизнес форум болно. Тус үзэсгэлэн худалдаа нь 47 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн худалдааны үеэр тусгайлан зассан уулзалтын цэгт Монгол Улсыг зорин ирж буй гадаадын байгууллагуудтай бизнес уулзалт хийх, хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжийг зохион байгуулагчдын зүгээс олгож байгаа. ОХУ-аас мод, модон материалын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд ирж буй бол Беларусаас хөдөө аж ахуй, хүнсний салбар, эм, эмнэлэг, боловсрол, хүнд машин механизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд ирсэн" гэлээ.