2020.04.22-нд О.Баасанхүү АН-д элсэв
“Үнэндээ С.Эрдэнэ дарга дараагийн удирдлага сонгох үйл явцад санаатай, эсвэл санамсаргүй байдлаар саад учруулахаа одоо болих хэрэгтэй” хэмээн УИХ-ын гишүүн асан, АН (С.Эрдэнийн талын)-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүү өчигдөр нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлжээ. Мөн С.Эрдэнэ даргынх нь эл үйлдлийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар хийлгүүлээд байна гэж хардаж буйгаа ч тэрбээр нуусангүй. О.Баасанхүү гэлтгүй АН-ын аль аль талынхан бутрал, хагаралдаа Ардын намынхан, эрх баригчдыг буруутгадаг. Тэр тусмаа хууль, шүүхийн байгууллагаар дамжуулан тамга, бүртгэлийг нь будилуулдаг гэж ярьдаг учраас гайхах зүйл биш. Харин 2020 оны сонгуулийн ялагдал, хагарлаас хойш АН дотроо С.Эрдэнийн талд зогсож байсан тэрбээр ийн дуугарсан нь анхаарал татав.
Тэрбээр нийгмийн сүлжээнд энэ тухайгаа илэрхийлэхээс өмнө намдаа, даргадаа цөөнгүй учирлаж ирснээ ч хэлсэн байгаа юм. Тэр тусмаа ирэх мягмар гарагт Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар тус шүүхийн цахим бүртгэлийн санд С.Эрдэнийн нэрийг сэргээлгэхийг хүссэн Д.Эрдэнэсувдын өргөдлийг хэлэлцэхээс өмнө “тэсэрсэн” нь юу өгүүлэв.
Дээд шүүхийн цахим хуудсан дахь улс төрийн намын бүртгэл дэх АН-ын мэдээлэл дотор “Намын дарга” гэсэн цонх нь хоосон хэвээр буй. Үүнд С.Эрдэнэ гэсэн нэрийг бичүүлж, сэргээн бүртгүүлэх хүсэлтийг Д.Эрдэнэсувд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-нд Дээд шүүхэд ирүүлсэн байдаг. Цахим бүртгэлд С.Эрдэнийг намын дарга хэмээн сэргээлгэх хүсэлтийг өмнө нь ч тавьж байсан бөгөөд Дээд шүүхээс татгалзаж ирсэн. Ингээд Д.Эрдэнэсувд өргөдөл ирүүлснээс долоо хоногийн дараа буюу арванхоёрдугаар сарын 6-нд М.Тулгатыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ С.Эрдэнэ өөрөө Дээд шүүхэд илгээсэн юм. Мөн оны дөрөвдүгээр сард С.Эрдэнийн талынхан Хандгайтад ээлжит бус тодотголтойгоор 11 дүгээр их хурлаа хийж, цахим сонгуулиар олонхын санал авсан М.Тулгатыг намын даргаар батламжлаад байв. Хачирхалтай нь, М.Тулгатыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийн хамт Дээд шүүхийн цахим мэдээллийн сан дахь АН-ын дарга гэсэн цэсэнд С.Эрдэнийн нэрийг сэргээн бүртгүүлэх тухайгаа С.Эрдэнэ мөн уламжилсан байдаг. Өөрөөр хэлбэл, өөрийгөө ч, М.Тулгатыг ч даргаар бүртгүүлэх гэсэн давхар хүсэлтийг С.Эрдэнэ илгээсэн хэрэг. Гэтэл дөрөв хоногийн дараа М.Тулгатыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ С.Эрдэнэ буцаан авах нь тэр. Ингэхдээ тэрбээр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийн бүрдүүлбэр дутуу гэдэг шалтгаанаар хүсэлтээ буцаан татсан ч төд удалгүй бүх материалаа Дээд шүүхээс авчихаж. Үүнийг нь М.Тулгат болон С.Эрдэнийн гэгддэг АН-ын удирдлагын багийнхан огт мэдээгүй гэдгээ тухайн үед хэвлэлийн бага хурал хийн мэдэгдэж байлаа.
Харин С.Эрдэнийн зүгээс энэ тухайд тэс өөр тайлбар хэлдэг. Тэр нь түүнийг хүсэлтээ буцаан татахаас ердөө хоёр хоногийн өмнө М.Тулгат, О.Цогтгэрэл нараас Дээд шүүхэд илгээсэн хамтарсан мэдэгдэлтэй холбоотой. М.Тулгат, О.Цогтгэрэл нар бол гуравхан хоногийн зайтайгаар хоёр талд АН-ын даргаар сонгогдсон хүмүүс. Хэн хэнийг нь АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг холбогдох хүмүүс нь Дээд шүүхэд уламжлаад байв. Гэхдээ тэдний зүгээс “АН-ын даргын бүртгэлийн асуудлаарх маргаантай байр суурь баримталж байсан талууд зөвшилцөн ойлголцож, холбогдох хууль, талуудаас ирүүлсэн материалуудад үндэслэн эл асуудлыг эцэслэн шийдвэрлэж өгөхийг Дээд шүүхээс хүсэж байна. Дээд шүүх талуудын аль нэгийг нь бүртгэсэн тохиолдолд түүний хуульд заасан бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрч, гаргасан шийдвэрт нь хүндэтгэлтэй хандахаа илэрхийлж байна” хэмээн Дээд шүүхэд хандсан юм. Үүнийг нь М.Тулгат О.Цогтгэрэлийн талтай албан тушаал болон ямар нэгэн зүйл наймаалцсан байх магадлалтай тул уг асуудлыг АН-ын Үндсэн дүрмийн хороо авч хэлэлцэх шаардлагатай гээд С.Эрдэнэ хүсэлтээ татсан хэрэг. Өөрөөр хэлбэл, О.Цогтгэрэл, М.Тулгат хоёр хамтдаа Дээд шүүхэд хандах эрхгүй, тэд намын бүртгэлийн асуудлаар наймаалцсан гэж харджээ. Улмаар хамтарсан мэдэгдлийг Дээд шүүхэд хүргүүлсний маргааш нь “АН-ыг төлөөлөх эрхгүй этгээдүүд болох О.Цогтгэрэл, М.Тулгат нарын гарын үсэг зурж, хүчингүй тамга дарсан, намын даргын бүртгэлтэй холбоотой холбогдох хууль, журмыг зөрчин хүргүүлсэн баримтуудыг буцаан ирүүлэх тухай” хэмээх хүсэлтийг С.Эрдэнэ хүргүүлсэн байдаг. Тухайн үед С.Эрдэнэ хүсэлтээ татаж аваагүй бол АН-ын даргын бүртгэл тойрсон асуудал эцэслэж, энэ нам эвлэрэх чигээ олсон байхыг үгүйсгэхгүй. Учир нь тэр үед АН-ын даргаар О.Цогтгэрэлийг бүртгүүлэх хүсэлтийг хангахаас Дээд шүүх татгалзсан юм.
Тэгвэл өнгөрсөн долдугаар сард С.Эрдэнэ өөрийгөө АН-ын даргаар бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандаад буй юм байна. Энэ талаар М.Тулгат нийгмийн сүлжээн дэх хаягаараа дамжуулан “Өдгөө ойлгомжгүй байдал үүсгээд байгаа үндсэн асуудалд цэг тавих ёстой байтал бүтцийн болон салбар байгууллагын элдэв хурал чуулган, сонгууль явуулж (гол санаа нь өөрийнхөө үндэс, ёзоорыг гүн шигтгэх), улам бүр ойлгомжгүй, хэрүүл тэмцэлтэй нөхцөлд хүргэж байна. Ардчилсан залуучуудын холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан ахмадын холбоог яарч оролдох, өөрчлөх ямар ч шаардлага байхгүй. Шаардлагагүй, ашиггүй бөгөөд намыг улам л муухай харагдуулж байна. Харин намын даргын бүртгэлээс хасагдах ёстой, хараахан хасагдаагүй байгаа ганц хүн С.Эрдэнэд өөрт нь л ашигтай” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Үнэхээр ч АН-д хуваагдаагүй зүйл гэж алга. Нам нь, дэргэдэх төрийн бус байгууллагууд нь, бүр УИХ дахь намын бүлэг нь, цаашлаад хуваагдсан хэсгүүд нь дахин хагарч байна. Хамгийн сүүлд гэхэд С.Эрдэнийн талынхан Ардчилсан залуучуудын холбооны чуулганыг хийж, тэргүүнээр нь Баянгол дүүргийн ИТХ-ын дэд дарга, тус дүүргийн АН-ын дарга Н.Болдбаатарыг сонгов. УИХ дахь бүлгээ тарааж, нэр бүхий гишүүдийг намаас хөөсөнтэй холбоотойгоор С.Эрдэнийн итгэлт нөхөр гэгдэж байсан С.Одонтуяа түүнээс нэгэнт зай барьсан нь ч ил болсон.
Юутай ч АН-ын тамганы тухайд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс өнгөрсөн 14-нд анхан шатны шүүхийн шүүгчийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон” захирамжийг хүчингүйд тооцоод буй. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Ц.Тувааны талын АН-ынхнаас гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг өнгөрсөн долдугаар сард гаргаад байсныг сая хэрэгсэхгүй болгов. Үндсэндээ тамга тойрсон маргаан С.Эрдэнийн эсрэг талынханд илүүтэй шийдэгдэх нөхцөл одоогоор үүсээд байна.
Дээр дурдсан Д.Эрдэнэсувдын өргөдөлтэй хамт АН-ын Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Ө.Шижирийг АН-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэхийг хүссэн И.Мөнхжаргал нарын хүсэлтийг Дээд шүүх хэлэлцэнэ. Ө.Шижир нь Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаанд Тамгын газрын даргаар нь ажилласан нэгэн. Өөрөөр хэлбэл, энэ намын эсрэгцсэн талуудын өргөдлүүдийг Дээд шүүх нэгэн зэрэг хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг нь анхаарал татаж байна. АН-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэхтэй холбоотой хүсэлтээ тэд өнгөрсөн тавдугаар сард Дээд шүүхэд гаргасан ч буцаан татаад байсан юм.