УИХ-ын 2020, Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үеэр сонгогчийн ирцийн мэдээллийг олон нийтэд шууд дамжуулах, залуу сонгогчдын мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх чиглэлд хамтран ажилласан туршлагатай “ЛИЙД төгсөгчдийн холбоо” ТББ (“LEAD Mongolia” хөтөлбөрт хамрагдсан төгсөгчдийн санаачилгаар байгуулагдсан)-тай Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төв хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.
1990 оноос хойш зохион байгуулсан сонгуулиудын ирцтэй холбоотой судалгаа хийх, тайланг нийтэд танилцуулах, УИХ-ын 2024 оны сонгуулийн ирц дэх сонгогчдын насны ангилал болон бусад мэдээллийг боловсруулах, залуу сонгогчдын идэвх оролцоо, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр тэд хамтран ажиллах юм байна. Ингэхдээ хараат бус, бие даасан зарчмыг хадгалах гэнэ. Мөн Мэдээлэл, судалгаа, сургалтын төв нь судалгаанд шаардагдах баримт, мэдээллээр хангаж, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэн, нэр бүхий байгууллагуудтай холбож өгөх аж.
Бэлтгэсэн У.Наран