Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИБУИНХУ-ын Цог жавхлант Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцов. Тэрбээр Вестминстерийн ордонд Хатан хааны шарилд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын нэрийн өмнөөс Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийллээ. Ёслолын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ланкастерийн харшид нээсэн эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурсан юм.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Британид оршин суугаа монгол иргэдтэй уулзаж, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар дэлгэрэнгүй танилцуулж, соёл, боловсрол, бүтээлч үйлдвэрлэл, өндөр технологи, дэд бүтцийн чиглэлээр иргэдийн сонирхсон асуултад хариулав. ИБУИНХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд болсон эл уулзалтад 40 гаруй монгол иргэн оролцлоо.