“Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит компанийн хувьцааны 34 хувийг олон нийтэд арилжиж, засаглалыг нь сайжруулах шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн зургадугаар сард гаргасан. Энэ хүрээнд Монголын хөрөнгийн биржийнхэн тодорхой бэлтгэл ханган, компанийн ТУЗ-өөр өнгөрсөн долоо хоногт хэлэлцүүлэн, хувьцаа гаргах зөвшөөрөл авчээ. Өөрөөр хэлбэл, тус компанийн ТУЗ гүйцэтгэх удирдлагадаа Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг өгсөн гэсэн үг. Одоогоор хөрөнгийн биржийнхэн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг зохион байгуулах андеррайтер, хуулийн зөвлөгөө өгөх, санхүүгийн аудит хийлгэх компаниа сонгох ажилдаа оржээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Х.Алтай “Хөрөнгийн биржийн хувьцааг гишүүн үнэт цаасны компаниуд нь нэлээд худалдаж авах болов уу гэж таамаглаж байна” гэсэн юм. Монголын хөрөнгийн биржийн хувьцааг энэ онд багтаан олон нийтэд арилжихаар төлөвлөж байгаа аж.