Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнгөрсөн сар болон оны эхний найман сарын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос баасан гарагт танилцууллаа. Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ наймдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 14.4, 2021 оны эцсээс 9.7 хувиар өсжээ. Инфляц ийнхүү нэмэгдэхэд эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 20.5, хүнсний бараа, ундаа, усных 18.7, хувцас, бөс бараа, гутлынх 17.1, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшнийх 13.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний найман сард урьдчилсан гүйцэтгэлээр 11 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 11.9 хувиар нэмэгджээ. Мөн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 10 их наяд болж, 17.7 хувиар өссөн аж. Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 10.9 их наяд төгрөгөөр хэмжигдэн, тэнцвэржүүлсэн тэнцэл 899.7 тэрбумын алдагдалтай гарчээ. Тэгвэл татварын нийт орлого 1-8 дугаар сард урьдчилсан гүйцэтгэлээр 9.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 их наядаар дээшилсэн үзүүлэлт гарчээ. Үүнд нэмэгдсэн өртгийн албан татвар 37.5, нийгмийн даатгалын орлого 36.9 хувиар өссөн нь түлхүү нөлөөлсөн аж. Харин орлогын албан татварын хэмжээ жилийн хугацаанд 386.1 тэрбум төгрөгөөр багассаныг дээрх хорооны тайланд дурджээ.