Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг 1993 онд баталсан. Харин Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийн төслийг 2018 онд боловсруулсан. Эдгээрт Бригхам Янгийн их сургуулийн Эрх зүй, шашин судлалын олон улсын төвийн дэд захирал, профессор Элизабет А.Кларк дүн шинжилгээ хийснийг өчигдөр МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс танилцуулав. Элизабет А.Кларк нь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Шашин шүтэх, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөний асуудлаарх зөвлөх хэсгийн гишүүнээр ажилладаг, мэргэшсэн судлаач аж. Дээрх хуульд заасан шашны байгууллагуудын бүртгэлтэй холбоотой зохицуулалтад анхаарал хандуулах шаардлагатайг тэрбээр онцолсон. Тодруулбал, бүртгэл нь хялбар, ил тод байх шаардлагыг хангахгүй байгаа бөгөөд Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийн төсөлд эдгээрийг тодорхой болгосон, иргэний шашин шүтэх, итгэл үнэмшилтэй байх эрх нь хуулийн этгээдийн статустай, эсвэл төрийн зөвшөөрөлтэй, эсэхээс үл хамааран хэрэгжиж байхаар тодотгосныг профессор Элизабет А.Кларк үнэлсэн юм. Гэхдээ “бүртгэлгүй шашны бүлэг” гэсэн ойлголт төсөлд бий болгосон нь өрөөсгөл байгааг дурдав. Мөн шашны байгууллага аль нэг орон нутагт үйл ажиллагаа явуулахын тулд тухайн газар бүртээ бүртгүүлэх зохицуулалтыг хэвээр үлдээхээр тусгасныг “дарамт” хэмээн тодорхойллоо.