УИХ-ын тухай хуулийн 31.12-т “Намын бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг бүлгийн нийт гишүүний олонхын саналаар шийдэж, шийдвэрээ УИХ-ын даргад бичгээр ирүүлнэ. УИХ-ын дарга уг шийдвэрийг нэгдсэн хуралдаанд уншиж сонсгоно” хэмээх нэмэлтийг өнгөрсөн долдугаар сард оруулсан. Улмаар үүний дагуу наймдугаар сард болсон ээлжит бус чуулганы үеэр О.Цогтгэрэлийг АН-ын бүлгийн даргаар сонгосон шийдвэрийг УИХ-ын дарга танилцуулсан билээ. Үүнийг С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан эсэргүүцэж, дээрх нэмэлт нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд хандсан юм. Тэгвэл Үндсэн хуулийн цэц үүний дагуу маргаан үүсгэснийг АН-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүү өчигдөр мэдээлэв. Харин үүнтэй зэрэгцэн “Ардчилсан залуучуудын холбоог С.Эрдэнэ 200 сая төгрөгөөр худалдах нь” гэж УИХ дахь АН-ын бүлгийн (О.Цогтгэрэл даргатай) ажлын албаны дарга С.Эрдэнэболд тэргүүтэй хүмүүс Сүхбаатарын талбайд эсэргүүцлээ илэрхийлж байлаа.
Бэлтгэсэн Б.Уран