Санхүүгийн зохицуулах хорооноос Үнэт цаасны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж буйг тус хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн дуулгалаа. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хөрөнгийн зах зээлийн хөгжлийн явцад үүсээд буй шинэ чиг хандлагыг зохицуулах гэнэ. Тухайлбал, crowdfunding буюу тодорхой амлалт өгч, хөрөнгө оруулалт хийх зорилгоор олон нийтээс санхүүжилт татах үйлдлийг зохицуулах заалт тусгах юм байна. Тодорхой амлалт өгч олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлсэн тохиолдол дотоодын зах зээлд хэд хэдэн удаа гарсан учраас хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах үүднээс зохицуулахаар болжээ.
Үүнээс гадна олон улсын санхүүгийн байгууллагууд Монгол Улсын зах зээлд тодорхой төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх зорилгоор төгрөгийн бонд гаргах эрх зүйн орчин бүрдүүлэх аж. Одоогоор олон улсын аль нэг санхүүгийн байгууллагаас дотоодын зах зээлд төгрөгийн бонд гаргах санаачилга гаргаагүй гэнэ. Гэвч ийм нөхцөл үүсвэл эрх зүйн орчин нь бэлэн байх ёстой гэж үзжээ. Төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрийг валютын зээл авч хэрэгжүүлэхгүй байх нь долларжилтыг бууруулах сайн талтай юм байна.