Оюутны амьдралд хөл тавьж буй залууст эрч хүч, урам зориг өгч, басхүү мэдлэг мэдээлэл, туршлага хуваалцан хамтдаа “Суралцъя, хөгжье” хэмээн уриалдаг “RISE” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийг ХААН Банк Сангаас уламжлал болгон дөрөв дэх жилдээ зарлалаа.
Сурагчийн ширээнээс оюутны амьдралд хөл тавих мөч бол амьдралын хамгийн сонирхолтой, адал явдалтай, онцгой цаг үе байдаг бөгөөд шинэ оюутнуудыг их сургуулийн орчинд хурдан дасан зохицох, хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэх, амжилттай суралцах арга барил эзэмших, цаашлаад их хотын соёлтой, зөв төлөвшилтэй иргэн болоход чиглүүлэн дэмжих, бие даасан оюутан болоход нь “RISE” хөтөлбөр туслах зорилготой юм.
Хөтөлбөрийн хүрээнд сонирхолтой арга хэмжээ, сургалт, хамтарсан үйл ажиллагааг хичээлийн жилийн турш зохион байгуулдаг. Энэ бүгдээс хамгийн оргил үе буюу оюутнуудад мартагдашгүй дурсамж үлдээн, сэтгэл догдлуулдаг үйл явдал нь яахын аргагүй жил бүрийн намрын хамгийн том арга хэмжээ болсон “Rise”-ын нээлт юм. Нээлтийн арга хэмжээнд жил бүр 1000 гаруй шинэ оюутан нэг дор цуглаж, мэдлэг мэдээлэл, туршлагаасаа хуваалцдаг билээ.
Энэ жилийн нээлтийн арга хэмжээ тун удахгүй болох бөгөөд уламжлал ёсоор олны танил, нийгэмд манлайлж яваа шилдэг залуус урилгаар оролцож, хэлэлцүүлэг, илтгэл танилцуулахаас гадна урлагийн сонирхолтой үзүүлбэрүүд толилуулах юм. Мөн шинэ оюутнуудад хэрэгтэй мэдээллийг нэг дор цогцоор нь төвлөрүүлсэн мэдээллийн булангууд энэ үеэр ажиллана. Тухайлбал, “Улаанбаатар смарт карт” ХХК-тай хамтран нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих оюутны цахим картын мэдээлэл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв оюутнуудад эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн авах тухай танилцуулах бол ХААН Банкны ажилтнууд оюутнуудад зориулсан банкны цахим үйлчилгээг хэрхэн амар хялбар авах болон “Rise” хөтөлбөрийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.
“RISE” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийн нээлтэд оролцохыг хүсвэл шинэхэн оюутан та Энд дарж бүртгүүлэхийг урьж байна. Нээлтийн арга хэмжээнд оролцох оюутны тоо хязгаартай бөгөөд бүртгэлийн асуултуудад хариулсан байдлаар нь шалгаруулан урилга хүргүүлэх юм. “Rise” шинэ оюутны хөтөлбөрт хамрагдах боломж нь 1-р курсийн бүх оюутанд нээлттэй гэдгийг дуулгая.
RISE шинэ оюутны хөгжлийн хөтөлбөр 2022 нэртэй фэйсбүүк группэд шинэ оюутан та бүхэн нэгдэж, мэдээлэл авснаар хичээлийн жилийн турш зохион байгуулах олон сонирхолтой, үр өгөөжтэй сургалт, арга хэмжээнд хамрагдах боломжтой шүү.
Суралцъя, хөгжье!