“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс ачаа тээврийн нөхцөл байдлын талаар өчигдөр мэдээлэл хийв. Тус нийгэмлэгийн замын орлогч дарга Д.Амарбаясгалан “Улаанбаатар төмөр зам” нийт 84 өртөө зөрлөгтэйгөөс 39-д нь ачилт, буулгалт, наймд нь ачаа тээврийн боловсруулалт хийдэг. Цар тахлаас өмнө “Замын-Үүд” өртөөнд хоногт 100 орчим чингэлэг хүлээн авдаг байсан. Тэгвэл энэ оны гуравдугаар сараас хойш хоногт 250-300 орчим чингэлэг хүлээн авч эхэлсэн. Үүний улмаас чингэлгийн бөөгнөрөл үүслээ. Ер нь “Улаанбаатар төмөр зам”-аар тээвэрлэж буй импортын ачааны хэмжээ өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад өдгөө 1.5-2.2 дахин нэмэгдсэн. Ийнхүү импортын ачааны хэмжээ өссөн, түүнчлэн иргэд захиалсан бараагаа шуурхай татан авахгүй байгаагаас шалтгаалж чингэлэг хуримтлагдан, үйл ажиллагаа явуулахад саад учруулж байна” гэв.
“Улаанбаатар”, “Толгойт”, “Амгалан” зэрэг өртөөний ачаалал сүүлийн нэг жилд 33-57 хувиар нэмэгдсэн тооцоо гарчээ. Ийнхүү ачаатай чингэлэг олноор хуримтлагдах нь хоосон чингэлгийн хэмжээг ч нэмэгдүүлж, төмөр замын тээврийн ачаа эргэлтийг багасгаж байгаа гэнэ. Тиймээс иргэдийг талбай дээрх ачаанууддаа гаалийн бүрдүүлэлт хийлгэн, яаралтай авахыг “Улаанбаатар төмөр зам”-аас уриаллаа.