Номын баяр нь хүнээр бол хавар, намартаа ёс юм шиг энд тэндээсээ өшиглүүлж, шанаадуулж, заримдаа нүдээ булуу болтол “цохиулах” юм. Анх эхэлж байхад нь төр, засгийн зүгээс тоодог хүн, байгууллага байгаагүй. Гэтэл уг баярыг олны таашаадаг үйл ажиллагаа болох цагт гэнэт анзаарч эхэлсэн. Зарим нь номын баяраар хүн олноор цугладаг юм байна, далимаар нь өөрсдийгөө болон бараа, бүтээгдэхүүнээ сурталчилж болох нь гэж ойлгосон. Зарим жил номын баярыг товлосон өдөр Төв талбайд үйл ажиллагаа зохион байгуулах эрх өөр байгууллагад ч өгчихөж байлаа. Сүүлдээ номын баяр болох өдөр нийслэлийн төв талбайд хэд хэдэн арга хэмжээ давхардуулан зөвшөөрөл олгох замаар хясан боогдуулж ч байв. Гэсэн ч уг баярыг зохион байгуулагчид бууж өгөөгүй. Зохиолчид, зохиогчид, яруу найрагчид, судлаач, орчуулагчид гээд ном бүтээгчид болон түгээгч, борлуулагч нар, хамгийн гол нь уншигчид, сонирхогчдын эрх ашгийн төлөө тэмцсэн. Тэдний тэмцлийг түрүүчийн парламентын зарим гишүүн, улмаар одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар дэмжсэнээр номын баярыг тэмдэглэлт өдрийн жагсаалтад бүртгэж, хуульд ч тусгасан билээ. Ингэснээр Төв талбайн зөвшөөрөл авахаас эхлээд олон хүндрэл арилах нь гэж санаачлагчид тооцоолжээ. Гэтэл бодит байдал үүнээс өөр байна. АНУ-д, ХБНГУ-д, ОХУ-д болдог номын баярын жишээ, үлгэр дуурайлын талаар манай улсын номын баярыг санаачлагч, сэтгүүлч, номын санч мэргэжилтэй Б.Сувд байнга мэдээлдэг. АНУ-д номын баярт хандив өгөх нь нэр төрийн хэрэг гэдгийг түүний мэдээллээс ойлгож байлаа. Хойд хөршийн номын баярт улсын Ерөнхийлөгч нь ч өндөр ач холбогдол өгч, хөрөнгө мөнгө зориулдаг юм билээ. Германчуудтай ч ярих зүйлгүй. Тэдний хувьд ном болон номын баяр нь хамгийн оюунлаг, зэрэглэл өндөртэй шүтээн. Харин манай улсад төр, засгийн зүгээс номын баярт туйлаас хүндэтгэлгүй, бүр хорсож занах мэт сэтгэлгээгээр хандах юм. Хавар, намартаа энэхүү баяр луу довтолж, дайрдаг нь төрийн байгууллагуудын дунд шатны буюу олны хэлдгээр хурган дарга нарын уламжлал болжээ. “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас энэ удаа 13 дахь жилдээ номын баяр зохион байгуулна. Тэд өнгөрсөн хугацаанд нэг ч удаа хавар, намрыг алгасалгүй баяраа зохион байгуулж ирсэн. Хуульчлагдсан, угтаа бол ямар ч саад бэрхшээл учрах ёсгүй, нийслэлийн холбогдох байгууллагуудаас Төв талбайд арга хэмжээ явуулах зөвшөөрөл аваад л шийдчих зүйл. Гэтэл Соёлын яамны хажуугаар зардал, чирэгдэл болсон, илүүдэл гээд хэлчихэд буруудахгүй, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хэмээх байгууллага номын баярын талбайгаас “зулгаах”-аар шийджээ. Тэднийх Соёлын яамны санаачилсан бас нэгэн ажлыг номын баяртай хамтатгах зорилготой гэнэ. Ном бүтээгчид, энэ чиглэлд үйл ажиллагаа явуулагсад олон нийтэд хандсан үйлчилгээ явуулахад 200 асар хүрэхтэй, үгүйтэй байдаг аж. Тэгсэн атал дээрх газрынхан “100-150 асар л барь, бусад зайд бид ажил явуулна” хэмээн мундагдаж гэнэ. Түрүүчийн удаа Соёлын яамтай хамтрахад иймэрхүү шаардлагыг нь хүлээн авч, хэлснээр нь цөөн асар барьсан бөгөөд ном бүтээгчдийн, үйлчлүүлэгч олон нийтийн хувьд ч сэтгэл ханамжтай байгаагүй. Тийм учраас энэ удаа талбайг уламжлал ёсоор бүтнээр нь хүсэхэд эрх мэдэлтнүүд товлосон хугацааг нааш, цааш болгох зэрэг байж боломгүй шаардлага тавьж, цаг тулсан энэ өдрүүдэд зохион байгуулагчдыг “шар махтай нь хатаав”. “Номын соёлт ертөнц”-ийнхөн өчигдөр аль нэг дарга дуудахыг хүлээн халуун наранд шарагдан зогссон. Үдээс хойхно холбоо барихад “Юутай ч товлосон өдрөө баярыг зохион байгуулах юм шиг байна” гэхээс өөр тайлбар хэлээгүй. Тэд ядарчээ. Хэрвээ баяр болох бол асруудыг барих, тайз засах гээд маш олон ажил өдгөө зуун задгай байна. Тэглээ гээд “Монголчууд Монгол Улсдаа номын баяраа уламжлал ёсоор цаг хугацаанд нь зохион байгуулах гэхээр төр, засгийн зүгээс боож, хясаад байна, туслаач” гэж гадаад ертөнцөд хандаж, үглэн дуулалтай биш. Соёл иргэншилт нийгэмд байж боломгүй санаархал сайд, дарга нарт нэр төр олох гэсэн төрийн албаны дунд шатныхнаас гарах юм. Аливааг чин сэтгэлээсээ хийдэггүй, эхлүүлсэн бол дуусгах зүтгэлгүй, буруу аргаар амьдрагсад номын баяр байтугайд хүндэтгэлгүй хандана л даа.