Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Хуяг “Бид анх биржийн бус зах зээлийг үүсгэхдээ эхний жилд 10 компанийн бонд арилжчихвал аятай харагдана л гэж бодож байсан. Гэтэл бодит байдал дээр төсөөллөөс тав дахин давлаа” гэж ярив. Санхүүгийн зохицуулах хорооноос Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоог 2015 онд өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгэсэн юм. Эл эрх, үүргийнхээ хүрээнд тус холбооныхон Монгол Улсад биржийн бус зах зээл үүсгэх судалгаа эхлүүлжээ. Олон улсад үнэт цаасны арилжаа эрхлэгчдийг төлөөлсөн төрийн бус байгууллага нь биржийн бус зах зээлээ хөгжүүлдэг, дүрэм, журмыг нь боловсруулдаг нийтлэг жишигтэй гэнэ.
Тус холбооныхон АНУ, Япон, Өмнөд Солонгос, Тайвань биржийн бус зах зээлээ хэрхэн хөгжүүлсэн туршлагыг судалсан байна. Улмаар Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох зөвшөөрлийг нь авч, дээрх орнуудын жишгээр яг нэг жилийн өмнө Монголд биржийн бус зах зээл үүсгэсэн юм. Өнгөрсөн ганц жилийн хугацаанд Монголын биржийн бус зах зээлд компанийн бонд л арилжжээ. Одоогоор 52 компанийн 66 төрлийн үнэт цаасныг 172 транчаар арилжихаар бүртгэсэн гэнэ. Бондыг хугацаа, хүү, хэмжээнээс хамааруулан төрлөөр ангилдаг. Нэг компани нэг жилийн хугацаатай, 15 хувийн хүүтэй, 50 тэрбум төгрөгийн бонд гаргалаа гэж бодъё. Мөн тус компани гурван жилийн хугацаатай, 13 хувийн хүүтэй, 50 тэрбум төгрөгийн бонд гаргалаа гэж бодъё. Ингэвэл хугацаа, хүү нь ялгаатай учир хоёр өөр төрлийн бонд гаргаж байна гэсэн үг. Транч гэдэг нь нэг төрлийн бондын хэмжээг хэсэгчлэн арилжихыг хэлдэг. Их хэмжээний мөнгөн дүнтэй бондыг хэд хэдэн транч болгон арилжих тохиолдол бий. Жишээ нь, 100 тэрбум төгрөгийн бонд арилжлаа гэж бодъё. Нэгдүгээр транчаар нь 30, хоёрдугаархаар нь 30, гуравдугаархаар нь 40 тэрбум төгрөг арилжиж, нийт шаардлагатай санхүүжилтээ татан төвлөрүүлж болно.
Биржийн бус зах зээлээс өнгөрсөн хугацаанд 1.12 их наяд төгрөг татан төвлөрүүлэхээр Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоонд бүртгүүлжээ. Үүнээс 672.5 тэрбум төгрөгийг бодитоор татан төвлөрүүлсэн байна. Харин 435.6 тэрбум төгрөгийн бонд арилжихаар хүлээж байгаа аж. Үнэт цаасны тухай хуулийн 63.1.14-т “Санхүүгийн зохицуулах хороо биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам тогтоож, хэрэгжилтийг хянана” гэж заасан байдаг. Хуулийг уг заалттай уялдуулан, Биржийн бус зах зээлийн ерөнхий, Биржийн бус зах зээлийн үнэт цаасны бүртгэлийн, Биржийн бус зах зээлийн арилжааны багц журмыг боловсруулан мөрдөж буй.
Журамд тусгасны дагуу биржийн бус зах зээлээс мэргэжлийн хөрөнгө оруулагч л үнэт цаас худалдаж авах боломжтой. Мэргэжлийн хөрөнгө оруулагч нь сарын дундаж орлого нь 10 сая төгрөгөөс дээш, нэг жилийн турш үнэт цаасны арилжаа хийсэн байх, эсвэл хагас тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, нэг жилийн турш үнэт цаасны арилжаа хийсэн байна гэсэн шалгуур тавьж журамлажээ. Тэгэхээр хэнд дуртай нь уг зах зээлээс үнэт цаас худалдаж авах боломжгүй. Хөрөнгө оруулагч өөрийн эрсдэлээ өөрөө даадаг учраас мэргэжлийнхнийг оролцуулдаг хэрэг. Дээр дурдсан 435.6 тэрбум төгрөгийн бондыг арилжихаар үнэт цаас гаргагч нь хөрөнгө оруулагчидтай уулзаж байгаа гэсэн үг. Бүртгүүлчихсэн учраас тохиролцоонд хүрвэл арилжаа хийхэд бэлэн гэж ойлгож болно.
Биржийн бус зах зээлд мэргэжлийн 707 оролцогч оролцжээ. Үнэт цаасны нэг компанитай 197 мэргэжлийн хөрөнгө оруулагч харилцсан байна. Энэ нь хамгийн олон харилцагчтай үнэт цаасны компани аж. Биржийн бус зах зээлд үнэт цаасны компани 46, хөрөнгө оруулалтын менежментийн компани 14, дэд бүтцийн байгууллага гурав, кастодиан банк гурав, санхүүгийн бусад байгууллага зургаа оролцжээ. Эдгээр нь хөрөнгийн зах зээлд оролцогч байгууллагууд бол бусад нь мэргэжлийн хөрөнгө оруулагч гэсэн үг.
Биржийн бус зах зээл нь тухайн үнэт цаасны бүртгэлийг хөтөлж, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-д мэдүүлдэг. Бүртгэл, анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаа хийх гэсэн үндсэн ажилд биржийн бус зах зээл төвлөрдөг гэж ойлгож болох нь. Уг зах зээлд нэг жилийн хугацаанд их наяд гаруй төгрөгийн бонд бүртгүүлсэн амжилт нь цаг хугацааны хувьд шуурхай, эрх зүйн хувьд уян хатан зохицуулалт хийсэнтэй холбоотой гэж Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооныхон тайлбарлаж байна. Бонд гаргах материал нь бүрдсэн тохиолдолд Бүртгэлийн хороо 5-15 хоногт шийдвэр гаргаж байгаа гэнэ. Ингэхээр мөнгө татан төвлөрүүлэх хугацааг нь ихээхэн богиносох нь ойлгомжтой. Мөн бүрдүүлэх материал хялбар аж. Энэ зах зээлд зөвхөн мэргэжлийн хөрөнгө оруулагч оролцдог учраас үнэт цаас гаргагчаас нарийн мэдээлэл шаарддаггүй. Бүртгэлийн хорооныхон хөрөнгө оруулагчид тулгарах эрсдэлийг нь тооцох шаардлагагүй буюу зөвхөн бүрдүүлбэрийн дагуу бүртгэл хийдэг юм байна. Харин мэргэжлийн хөрөнгө оруулагч тухайн байгууллагын үндсэн танилцуулга, аудит хийлгэсэн санхүүгийн тайланд тулгуурлаж хөрөнгө оруулах шийдвэрээ гаргах боломжтой. Хэрэв Монголын хөрөнгийн биржээр дамжуулж бонд гаргавал хууль, үнэлгээ, аудитын дүгнэлт гэсэн гурван зүйлийг заавал шаарддаг.
Олон материал нарийвчлан шалгадаггүй учраас зөвшөөрөл шуурхай гардаг хэрэг. Мөн өртөг зардал хямд. Монголын хөрөнгийн биржээр дамжуулж өндөр дүнтэй мөнгө татан төвлөрүүлэх тусам шимтгэл нь татвар шиг өснө. Харин биржийн бус зах зээлд бүртгэлийн хураамж нь дээд тал нь 10 сая төгрөг байхаар журамлажээ. Үүнээс гадна арилжааны шимтгэлийг нэг жилийн хугацаанд тэглэсэн байна. Энэ нь уг зах зээл хурдтай тэлэх хөшүүрэг болжээ. Биржийн бус зах зээл цаашид ч улам томрох нь гарцаагүй. Тус зах зээлд гаргаж буй бондын хүү 15 орчим хувьтай дүйж байна. Банкны хадгаламжийн дундаж хүү өнгөрсөн долдугаар сарын байдлаар 9.1 хувьтай байгаа. Банкны хадгаламжийн хүүнээс даруй зургаан хувиар өндөр өгөөжтэй учраас иргэд бонд худалдаж авах сонирхолтой болсон.
Хөгжлийн банк биржийн бус зах зээлээс 280 тэрбум төгрөгийн бонд “босгосон”. Үүний 100 гаруй тэрбумыг гадаадын хөрөнгө оруулагч худалдан авсан юм. Тиймээс нийт гаргасан бондын үнийн дүнгийн 45 хувийг нь санхүүгийн салбар эзэлж байна. Үүнээс гадна банк бус санхүүгийн байгууллагуудын гаргасан бонд 12 хувийг нь эзэлжээ. Түүнчлэн хөрөнгө оруулалтын салбарынхан 15, уул уурхайнхан долоо, үл хөдлөхийнхөн есөн хувийг нь гаргасан аж. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооныхон Засгийн газрын бондыг биржийн бус зах зээлд гаргаж, бэнчмарк тогтоох хэрэгтэй гэж үздэг. Ингэвэл гадаадын хөрөнгө оруулагчид дотоодын биржийн бус зах зээлээс үнэт цаас худалдаж авах нөхцөл бүрдэнэ гэж тэд дүгнэдэг юм. Биржийн бус зах зээлийнхэн гадаадаас валют оруулж ирвэл Монгол Улсын эдийн засагт ихээхэн тустай билээ.