НӨАТ-ын сугалааг ил тод, сонирхолтой хэлбэрээр дахин явуулна гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ. Тэрбээр, "НӨАТ-ын сугалаанд дэвшилттэй ажлууд хийгдсэн. Тухайлбал, зөвхөн иргэдийн бүртгүүлж, баталгаажуулсан НӨАТ-ын баримтыг сугалаанд оролцуулахаар болсон. Өмнө нь иргэд НӨАТ-ын баримтаа бүртгүүлсэн, бүртгүүлээгүй хамаагүй НӨАТ-ын сугалаанд оролцож байсан. Үүнийг болиулж, илүү боловсронгуй ил тод хэлбэрээр дахин явуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, есөн сарын бүртгүүлж баталгаажуулсан НӨАТ-ын баримтаар 10 сард сугалаа орон даяар шууд явуулна.
Иргэд ухаалаг утаснаасаа өөрийнхөө бүртгүүлсэн баримт сугалаанд бүртгэгдсэн эсэхийг хянах боломжтой. Азтан шалгаруулах үйл явцыг хянана гэсэн үг. Сонирхолтой, сайжруулсан байдлаар сугалааг ийнхүү зохион байгуулна.
Тавдугаар сараас НӨАТ-ын сугалааг зогсоосноор баримт бүртгүүлэх тоо 50 хувиар буурсан. Энэ нь НӨАТ-ын орлогод сөргөөр нөлөөлөх эрсдэл болж байгаа юм. Цаашлаад энэ нь далд эдийн засгийг дэмжих сөрөг нөлөөтэй” гэх мэдээллийг өглөө.