Төрийн албаны тухай хуулийг 2017 онд шинэчлэн баталж, 2019 оны эхний өдрөөс мөрдөж буй. Өнөөдрийг хүртэл уг хуульд 14 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байх аж. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн долдугаар сард өөрчлөхдөө төрийн захиргааны албан тушаалд тавигдах шаардлагыг сулруулчихаж. Өөрөөр хэлбэл, төрийн алба болон захиргааны албан тушаалд ажилласан байх жилийг нь багасгасан байна.
Уг нь Төрийн албаны тухай хуулийг шинэчлэхдээ хүнд зориулсан сонгон шалгаруулалтыг үгүй хийнэ, тогтсон өндөр шалгуурыг хангасан хүмүүсийг л төрд ажиллуулах нөхцөл бүрдүүлэхээр зорьсон. Өөрөөр хэлбэл, хэдийн хэн дарга болох нь тодорхой, тэр хүнийх нь шаардлагад нийцсэн шалгаруулалт зохион байгуулсан болж томилдог байсныг олон нийт эрхбиш мартаагүй биз. Харамсалтай нь, баталсан хуулиа мөрдөхгүй, биелүүл гэж шаардахаар нэмэлт, өөрчлөлт оруулаад босго, шалгуурыг нь бууруулчихдаг бурангуй ёс манайд газар авч байгаагийн бэлээхэн жишээ нь энэ.
Монгол Улсын төрийн албыг улс төрийн, захиргааны, тусгай болон үйлчилгээний хэмээн дөрөв ангилдаг. Эдгээрээс захиргааны албан тушаал нь төрийн албаны мөн чанар, залгамж халаа, үнэт зүйлсийг хамгийн их тээдэг гэж тодорхойлж болно. Төрийн албаны тухай хуульд ч төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл явцад төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэгтэй гэж тодорхойлсон байдаг. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүх, яамнаас авхуулаад ИТХ, Засаг дарга гээд төрийн байгууллагуудын Тамгын газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалтнууд энэ ангилалд хамаарч буй.
Эдгээрийг ангилбал хамгийн дээд талд нь тэргүүн түшмэл буюу яамны Төрийн нарийн бичгийн дарга, түүнтэй адилтгах бусад албан тушаал бичигддэг. Түүнтэй адилтгах бусад албан тушаал гэдэгт агентлагийн дарга, чөлөөт бүсийн захирагч, Цөмийн энергийн комиссын ажлын албаны дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга багтана. 2017 онд баталсан хуулиар төрийн албанд 16-гаас доошгүй, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд наймаас доошгүй жил ажилласан байх шаардлага тавьж байв. Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн батлах үед 2016 оны сонгуулийн үр дүнд бүрдсэн УИХ, Засгийн газар боловсон хүчнээ төрийн албанд нэгэнт тараан байршуулаад байсан юм. Гэхдээ хууль үйлчилж эхлэхэд тухайн үед Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан цөөнгүй хүн дээрх шаардлагыг хангахгүй байсан ч “Хууль эргэж үйлчлэхгүй” гэх үндэслэлээр тэднийг хэвээр үлдээсэн. Тэгвэл одоо төрийн албанд 12, эрхэлсэн түшмэлийн албан тушаалд зургаан жил ажилласан хүн Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах боломж бүрдүүлчихлээ.
Жишээ нь, С.Батболдыг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар 2019 онд томилсон. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг баримталсан бол тэрбээр тус албыг хаших тусгай шаардлагыг хангахгүй. С.Батболд нь 2016-2019 онд Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажилласан нь төрийн захиргааны эрхэлсэн түшмэлээр наймаас доошгүй жил ажилласан байх хуулийн заалттай нийцээгүй гэсэн үг. Тэргүүн түшмэлийн дараа эрхэлсэн түшмэл буюу яамны газар, хэлтсийн дарга, агентлагийн газрын дарга, Засгийн газраас байгуулсан төрийн захиргааны бусад байгууллагын дэд дарга, чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны болон газрын дарга, Цөмийн энергийн комиссын ажлын албаны нэгжийн дарга, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга, нийслэлийн ИТХ-ын болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны хэлтсийн дарга, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын дарга, Бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга эрэмбэлэгддэг. Гэвч С.Батболд нь эл албыг хашаад хэдийн гурван жилийн нүүр үзчихэж.
Мөн С.Оюунбилэгийг яг жилийн өмнө Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон. Саяхан тэрбээр эл албан тушаалаараа “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын Удирдах зөвлөлд багтаж, даргаар нь сонгогдоод буй. Гэхдээ түүний намтраас харвал хувийн хэвшилд түлхүү ажиллажээ. 2016-2017 онд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт зөвлөх, 2017-2019 онд Үндэсний аудитын газарт ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитороор ажилласнаас өөрөөр төрд зүтгэсэн туршлага алга. Төрийн албаны тухай хуулийн босгыг намсгаад ч шаардлага хангахгүй л байна. Цар тахалтай нүүр тулсан сүүлийн жилүүдэд “Ковид”-ын гэх хуулиар халхлан хуулийн шаардлага хангахгүй олон томилгоо хийсний нэг нь энэ.
Тэгвэл мөн л дээрх үндэслэлээр Ч.Золбаярыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар түр томилоод буй. Шуудан, цахилгаан холбооны газар, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв зэрэг агентлагт мэргэжилтнээр ажлын гараагаа эхлүүлснийг эс тооцвол эрхэлсэн түшмэлийн битгий хэл, төрийн албаны туршлага гэхээр зүйл түүний намтарт алга. Харин “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит компанид газрын даргаас гүйцэтгэх захирал болтлоо 13 жил ажилласан нэгэн аж. Уг нь Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг энэ оны эхнээс байгуулан ажиллуулахдаа өдгөө дэд сайдаар нь томилоод буй Б.Болор-Эрдэнийг Төрийн нарийн бичгийн даргаар томилоод байв. Төрийн албаны туршлагагүй “годгоносон охин”-ыг тэргүүн түшмэл болтол дэвшүүллээ гэж шүүмжлэх хүн бишгүй байсан ч тоолгүй томилсон. Түүнийг өмнөх албан тушаалд нь томилоход ч “Коронавируст халдвар (“Ковид-19”)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай” хэмээх, нэг удаагийн боловч нэлээд хэдэн удаа сунгасан, урт нэртэй хуулиар түрээ барьж байлаа. Тиймээс ч Төрийн албаны тухай хуульд сүүлд оруулсан өөрчлөлтийг Б.Болор-Эрдэнэ тэргүүтэй хүмүүст зориулсан, тэднийг төрийн албанд хэл амгүйхэн шиг “жинхлэх” гэсэн заль гэлцэж байв. Сануулбал, Б.Болор-Эрдэнийг 2020 оны сонгуулийн дараа Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар томилсон юм. Үнэндээ уг албанд томилогдохоос өмнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Цахим хөгжлийн үндэсний хорооны даргаар зургаан сарын хугацаанд ажилласнаас өөрөөр төрд данстай байсангүй. Агентлагийн дарга нь эрхэлсэн түшмэлийн эрэмбэтэйг дээр дурдсан. Төрийн албанд 12-оос доошгүй, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан хүнийг агентлагийн даргаар томилох заалт Б.Болор-Эрдэнийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар томилох үед үйлчилж байв. Харин Төрийн албаны тухай хуулийг хоёр сарын өмнө өөрчлөхдөө төрийн албанд 12 жил ажилласан байх шалгуурыг найм болгон бууруулжээ.
Ахлах түшмэл гэдэгт яам, агентлаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын болон ИТХ-ын ажлын албаны тасгийн дарга, ахлах шинжээч, шинжээч, чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны хэлтсийн дарга, хилийн чанад дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга, нийслэл, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын нэгжийн дарга, дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг албан тушаалтан хамаарч буй. Төрийн албанд наймаас доошгүй, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан байх шаардлага ахлах түшмэлд тавигдаж байв. Үүнийг төрийн албанд зургаа, дэс түшмэлийн албан тушаалд гурван жил болгожээ. Харин дэс болон туслах түшмэлд тавигдах шаардлагыг хэвээр үлдээсэн байна.
Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалыг үүрэгт ажлаас нь саяхан чөлөөлсөн. Түүний оронд томилох хүн нь намсгасан шалгуурыг хангах уу. Эсвэл хэдэн ч удаа сунгаж мэдэх “Ковид”-ын гэх хуулийн далбаан дор төрийн албаны туршлага нимгэн нэгнийг томилох уу. Зөвхөн Төрийн нарийн бичгийн дарга төдийгүй агентлагийн дарга нар төрийн захиргааны албан тушаалын шаардлагаа хэр зэрэг биелүүлж байгааг нарийвчлан судалбал ямар “но” гарах бол.
Ардчиллаар замнасан 30 жилийн хугацаанд Монголын төрийн албанд хуулийн шаардлага хангачих албан хаагч, боловсон хүчин бэлтгэгдээгүй юм гэж үү. Төрд ч, хувийн хэвшилд ч олон жил ажилласан хүмүүсийн зарим нь орчноо “идэж”, бугшдаг муу талтай. Олон улсад өндөр боловсрол эзэмшиж, шинэ, соргог мэдлэг, туршлагаар цэнэглэсэн залуусыг ажиллуулах нь аль ч салбарт тустай. Гэвч эдгээрийг хослуулж, үр дүнд хүргэх, төрийн албыг чанартай байлгах арга нь энэ мөн үү.