Япон Улсын Батлан хамгаалах яамны цахим сайт болон тус орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Зам” сургалт, дадлагын талаар онцолжээ.
Мэдээлэлд “Монгол Улсын Батлан хамгаалах яам, Япон Улсын Батлан хамгаалах яам хоорондын байгуулсан хэлэлцээрийн дагуу 2014 оноос “Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн салбарын чадавхыг нэмэгдүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрөөр Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн инженерүүдийг зам барих аргад сурган дадлагажуулах, багшлах бүрэлдэхүүнийг бэлтгэхийн зэрэгцээ НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд инженерийн цэргийн бүрэлдэхүүн оролцуулахад ур чадвар, туршлагад нь дэмжлэг үзүүлж байна.
Хөтөлбөр гурван үе шаттай бөгөөд нэгдүгээр үе шатад зар, барилгын анхан шатны сургалт, хоёрдугаар үе шатад ус зайлуулах хоолой, гүүр, авто зам барих ахисан түвшний онол, дадлага хосолсон сургалтыг гүйцэтгэв.
Харин гуравдугаар үе шатад бэлтгэгдсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн цэргийн алба хаагчид бие даан сургалт явуулж, Япон Улсын инженерийн цэргийн багшлах бүрэлдэхүүн зөвлөх үүрэгтэйгээр оролцлоо.
Энэ удаагийн онол, дадлага хосолсон сургалт 8 дугаар сарын 1-26-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийг түшиглэн явагдаж, АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсад буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн инженерийн зарим техник, тоног төхөөрөмжийг ажиллагаанд оруулж, ашиглалаа.
Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Бидний хамтран хэрэгжүүлж байгаа энэхүү төсөл нь хоёр улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг улам өргөжүүлж, найрамдалт харилцааг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж байна” гэжээ.