УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөлтэй хамтран үе үеийн эмэгтэй парламентчдыг оролцуулсан анхдугаар чуулганыг өчигдөр зохион байгуулав. Ардчилсан сонгуулиар байгуулсан найман удаагийн парламентад нийт 43 эмэгтэй гишүүн сонгогджээ. Энэ нь давхардсан тоогоор 68-д хүрэх аж. Тухайлбал, Д.Оюунхорол, С.Оюун нар дөрөв, Т.Ганди, Д.Сарангэрэл нар гурван удаа УИХ-ын гишүүнээр ажиллажээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хууль тогтоох байгууллагад 16 бүсгүй 2-4 удаа улиран сонгогдсон юм байна. Харин Завхан аймгаас хамгийн олон буюу долоон удаа эмэгтэй хүнийг УИХ-д илгээжээ. Мөн нийслэлийн бүх дүүргээс эмэгтэй гишүүн сонгогдсон гэнэ. Анхны парламентад нийт гишүүний 3.9 хувийг эзэлж байсан эмэгтэйчүүдийн тоо сүүлийн хоёр сонгуулиар 17.1 хувьд хүрээд буй. Ер нь эл үзүүлэлтийн дэлхийн дундаж 25 хувьтай байгаа бөгөөд үүнийг ахиулах шаардлага зүй ёсоор тулгарч буйг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээхдээ онцолсон. Парламент дахь эмэгтэй гишүүдийн дундаж нь Азид 21 хувьтай байгаад манай үзүүлэлт хүрэхгүй байна гэсэн үг.
Үндсэн хуульдаа эмэгтэйчүүдийн оролцооны талаар тухайлан зааж, тусгасан орон 20 орчим бий юм байна. Харин манай улсын хувьд 2011 онд баталсан Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль гол зохицуулалт нь гэхэд болно. Уг хуулийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээгээр Монгол дахь хүйсийн тэгш байдлын үзүүлэлт олон улсын дунджаас дээгүүр байгаа ч эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоогоороо хойш татаж байгааг УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Сарангэрэл онцолсон. Энэ нь жендерийн зөрүүтэй байдлын индексээр илүүтэй илэрч байгаа бөгөөд 153 орноос 79 дүгээрт бичигджээ. Өмнөх оноос 12.1 нэгжээр буурсныг ч тэрбээр хэлж байлаа.
Сонгуульд эмэгтэйчүүдийг дэвшүүлэх квотын талаар энэ үеэр оролцогчид хөндсөн. Тэр тундаа хэзээ ч биелүүлж байгаагүй 30 хувийн босгыг тэд онцлов. Улс төрийн намууд сонгуульд нэр дэвшигчдийнхээ 30-аас доошгүй хувьд эмэгтэйчүүдийг багтаана гэсэн эл босгыг анх 2005 онд хуульчилсан. Гэвч үүнийг хэрэгжүүлж амжилгүй, 2008 оны сонгуулийн өмнө хуулиас нь аваад хаячихсан. Ингээд 2011 онд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлахдаа эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь болгосон түүхтэй. Өөрөөр хэлбэл, 2012 оны сонгуулиар л эмэгтэйчүүдийг квотоор дэмжсэн хэрэг. Ингээд 2015 онд үүнийг 30 хувь болгосон ч бас л цаасан дээр байсаар хүчингүй болчихсон. Эцэст нь 2016 онд квотыг бууруулан 20 хувьд хүргэсэн юм. Үүнийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич шүүмжилж, “Эмэгтэйчүүдийн квот өгсөж, уруудаж ирсэн ч өнөөдөр УИХ-ын гишүүдийн 17.1 хувийг бүсгүйчүүд эзэлж байгаа нь чамлах зүйл биш. Гэхдээ үүнийг тогтвортой өсгөн, 35-аас доошгүй хувьд хүргэх нь зүйтэй” хэмээв.