Ямар нэг асуудлыг сошиалаар сайтар сэвж, олон нийтийн анхаарлыг татаж чадаж гэмээнэ, улстөрчид сая нэг юм “үнэгүй олгоно, шийднэ” хэмээн ам гардаг. Энэ байдал нь төр бүгдийг “үнэгүй” өгнө гэх ойлголтод иргэдийг хөтөлж, өдгөө эл сэдэв олон нийтийн ярианы гол бай болоод удав. Манай улсад “Ковид-19” цар тахал дэгдсэнээс хойш төрийн гажиг тогтолцоо бий болсон гэхэд хилсдэхгүй биз. Тодорхой хэлбэл, улстөрчид асуудал үүсэж, ужгирсаны дараа “бүх зүйлийг төр даана” гэх өнөө маргаашаа аргацаасан амлалт өгөх болсон. Улстөрчдийн эл хуурмаг амлалт ард түмний амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ гэх асуултад хариулт эрлээ.
Иргэдээ шимэгчилж, төсвийн алдагдлаа нөхсөн нь
Ковидын давлагаа эхлэхтэй зэрэгцээд улстөрчид “төр даана” гэсэн тодотголтойгоор нийгмийн даатгалыг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 1 хүртэл тэглэх шийдвэр гаргаж байв. Уг шийдвэрийг У.Хүрэлсүх, Ерөнхий сайд байхдаа гаргаж сүр дуулиантай мэдэгдэл хийж, дараа нь Ерөнхийлөгч болчихсон. Үнэгүй олгоно, тэглэнэ гэсэн шийдвэр түүнийг ерөнхийлөгчийн сэнтийд хүргэх шат болсон гэхэд хилсдэхгүй. Гэхдээ дээрх шийдвэр нь урагшаа нэг алхаж хойшоо хоёр ухарсан алхам болсон. Хойшоо хоёр ухарсаны хор уршгийг иргэд өнөөдөр нуруун дээрээ үүрч байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэсэн нэрийдлээр хэсэгхэн хугацаанд ард түмнээ баярлуулж, өдгөө нэмэгдсэн буюу 26 хувийн шимтгэлийг төр нөхөн авч буй.
Монголд хөдөлмөрийн үнэлэмж бага хэдий ч иргэдээс авах нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ өндөр. Шуудхан хэлэхэд, иргэд бага орлоготой ч өндөр шимтгэл төлдөг. Хөдөлмөрлөж олсон цалингийнхаа хэдэн хувийг төрд шимэгчлүүлж байдгыг иргэн А-ийн жишээн дээр тайлбарлая.
Иргэн А сард нэг сая төгрөгийн цалинтай. Түүний цалингаас нийгмийн даатгалын шимтгэлд 11.5 хувь буюу 115 000 төгрөг суутгадаг. Мөн Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд хоёр хувь буюу 20 000 төгрөг хасаж 865 000 төгрөг үлдэнэ. Нэмж хувь хүний орлогын албан татвар 10 хувь буюу 86 500 төгрөг суутгаж гар дээрээ 778 500 төгрөг үлдэнэ гэсэн үг. Энэ бол зөвхөн таны цалингаас суутган авч байгаа мөнгөн дүн. Гэтэл дээр нь цалин олгогч байгаа байгууллага, компани цалин өгснийхөө төлөө ажилтны нэр дээр үндсэн цалингийн 12.5 хувиар буюу 125.000 төгрөгийг нийгмийн даатгалын шитгэл нэмж төлдөг. Бас хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын хоёр хувийг Эрүүл мэндийн даатгалд ажил олгогч төлнө. Өөрөөр хэлбэл, 40.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалд тушаадаг. Нэг сая төгрөгийн цалинтай хүн сар бүр эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлд 280.000 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 86.500 төгрөг, нийт 366.500 төгрөг суутгуулдаг. Ингэж л төр засаг нь иргэдийнхээ хөдөлмөрийг шимэгчилдэг. Өөрөөр хэлбэл, улстөрчдийн “үнэгүй” гэх амлалтын балгаас болж Нийгмийн даатгалын сан алдагдал хүлээж, тэр алдагдлаа иргэдийн нуруунд үүрүүлж, даатгал нэрийдлээр төсвийн алдагдлаа нөхөж байгаа хэрэг.
Улстөрчид уналт таталт өгдөг хүүхдийг эм төдийхнөөр аргалж, гал намжаав
Нөгөөтэйгүүр нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд төрөөс хүссэн үйлчилгээгээ авч чаддаггүй. Тэр дундаа аав, ээж нь төрд дээрх олон даатгал, татвар шимтгэл төлдөг ч үр хүүхдүүд нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч чаддаг, эсэх нь эргэлзээтэй.
Бүх зүйл “үнэгүй” гэх дараагийн жишээг дэлгэе. Тодорхой хэлбэл, наадмын өмнөхөн уналт таталт өгдөг хүүхдүүдийн эцэг, эхчүүд нэгдэж “коронавируст цар тахал дэгдсэнээс хойш улсын хил гааль хаагдаж уналт таталт өгдөг хүүхдүүдийн эм тасарсан. Эдгээр хүүхдэд эмчилгээ үйлчилгээний хүртээмж дутмаг байна” хэмээн нялхсаа тэврээд Төрийн ордны гадаа суулт хийсэн.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуурхай ажиллаж, уг асуудлыг газар дээрээс нь дамжуулж, олон нийтэд хүргэснээр, иргэд сошиал орчинд нэгдэж төр засагт шаардлага тавьсан. Улмаар уг асуудал холбогдох албан тушаалтнуудын чихэнд хүрч “Уналт таталттай хүүхдүүдийн эмийг төрөөс даана” гэх дараагийн амлалтаа өгсөн. Олон мянган хүүхдийн эрүүл амьд явах эрхийг баталгаажуулах бус, дуулиант асуудлыг түр зуур намжаагаад өнгөрсөн. Одоо ч эм тариа дутагдалтай хэвээр байна.
Ер нь жагсаал цуглаан хийхээсээ өмнө жил дамнаж эцэг, эхчүүд уг асуудлыг хөндөж холбогдох агентлагуудад албан бичиг хүргүүлсэн боловч ямар нэг хариу өгөөгүй гэдэг. Эцсийн цэгтээ хүрч, өвчтэй хүүхдүүдээ тэврээд жагссан гэдгээ “Эрхэм нандин” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Г.Энхчимэг хэлсэн удаатай. Тодруулбал, тэрбээр, “Бид дан ганц уналт таталтын эмийн хомсдолыг яриагүй. Эмээс гадна эмчилгээ үйлчилгээний хүртээмж юу юунаас чухал. Уналт таталт өгдөг хүүхдийг дэлхийн олон оронд эмчилдэг.
Гэтэл манай улсад уналт таталт өгдөг хүүхдийг эм төдийхнөөр аргалж, өдөр хоногийг өнгөрөөж байна. Учир нь тархины эмгэг өвчтэй хүүхдийг манай улс нарийн ялган оношилж чаддаггүй. Эмгэгийг ялган оношлох тоног төхөөрөмжгүйгээс оношийг нь тодорхойлж мэддэггүйд гол учир байгаа юм. Ганцхан чагнуур барьсан эмч яаж оношлох вэ. Оношилж чадахгүй юм чинь өвчтөнд тохирсон эмчилгээ хийхгүй. Гэтэл олон улсад ялган оношилж, өвчтөнд тохирсон хагалгаа хийгээд, биеийн байдал нь сайжрах боломжийг бүрдүүлсэн жишээ олон. Иймд уг өвчинг эмчлэх боломжийг Монголдоо бүрдүүлж өгөхийг хүсэж, Засгийн газрын гадаа хонож жагссан. Одоо тодорхой ахиц гарахыг хүлээж л сууна” хэмээснийг онцлъё. Харамсалтай нь дээдэс “эмийг чинь үнэгүй өгнө” хэмээгээд л бусад сэргээн засах болон, эмчилгээ үйлчилгээг анхаараагүй.
Ямар нэгэн асуудлыг сошиал орчинд дэвэргээд эхэлбэл төрийн түшээдүүд юу ч гэж ам гарахад бэлэн болсон. Угтаа бол асуудлыг эцэст нь тулгаж, заавал олон нийтийг туйлдуулж хүчтэй шахалтыг хүлээхгүйгээр Засгийн газар эрсдэл болон давуу талаа урьдчилан тооцож, иргэдийн санал хүсэлтийг цаг тухайд нь үнэн бодитой, тодорхой шийдэж, эрүүл, аюулгүй ажиллаж, амьдрах боломжийг хангах учиртай. Гэтэл иргэд аргагүйтээд олон нийтэд дэлгэж, хэвлэлийн хурал, жагсаал цуглаан зохион байгуулах хэмжээнд заавал хүрч, амь тавихын наана төрийн түшээд гал намжаасан арга хэмжээ авдаг болсон. Гэхдээ “үнэгүй” гэсэн үгээр халхалдаг. Улстөрчийн эл увиагүй хандлага асуудлаа углуургаар нь шийдэж чадахгүй улам дордуулж байна.
Энэ нийтлэлийг АНУ-ын ОУХА-гийн "Эмэгтэйчүүд залуучуудын улс төр, сонгуулийн оролцоог идэвхижүүлэх нь" хөтөлбөрийн хүрээнд Глоб Интернэшл төвөөс хэрэгжүүлж байгаа “Ментортой сэтгүүлч” хөтөлбөрийн хүрээнд бэлтгэв. Нийтлэлд илэрхийлэгдсэн агуулга, дүгнэлт, санал нь сэтгүүлчийн байр суурь бөгөөд АНУ-ын Засгийн газар эсвэл дээрх агентлаг, хүрээлэнгийн албан ёсны байр суурь биш болно.