Монгол, Японы судлаачид хамтарч манай улсын хүн амын хүнсний хэрэгцээнд далайн загасны китахата хэмээх төрлийг нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Японы “Китагава” болон Монголын “Китабулган” ХХК-ийнхан Окаямагийн шинжлэх ухааны их сургуулийн эрдэмтэдтэй хамтарч хата буюу сагамхай загасыг манай улсад өсгөх туршилт хийсэн нь амжилттай болсон байна. Далайгаас зулзага байдлаар олборлон, тасалгаанд хүнсний зориулалтаар өсгөдөг энэ загасыг Монголд оруулж ирэх санаачилгыг Японд суралцаж мэргэшсэн Б.Амартүвшин гаргаснаар орон дамнасан ажил хэргийн түүх эхэлсэн аж. Түншүүд Улаанбаатарт загас өсгөх ажлаа 2019 онд эхлүүлсэн бөгөөд цар тахлын үед ч зогсоолгүй үргэлжлүүлжээ. Эдүгээ загасны дундаж жинг 4.8 кг-д хүргэж чадсан тул үйлдвэрлэлийг нь эхлүүлэх боломж бүрдсэн гэнэ. Өсгөх загаснуудыг алганд багтах хэмжээтэй байхад нь Японоос авчирсан юм байна.
Хамтрагчид далайн загасны китахата хэмээн нэрлэсэн уг төрлийг танилцуулах арга хэмжээ зохион байгуулахад оролцсон Японы ЭСЯ-ны дэд тэргүүн Ш.Кикүма “Саад бэрхшээл бүрийг даван гарсаар далайн загасыг амжилттай өсгөсөнд баяр хүргэе” хэмээн онцолжээ. Уг загасаар Японы уламжлалт хүнс сүши хийх боломжтойн сацуу монголчуудын махны хэрэглээ, энэ талын соёлд бас нэгэн “шугам” нээж буйд төслийн ач холбогдол оршиж байна.