Саяхан өндөрлөсөн УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Гэхдээ зөвхөн УИХ-ын гишүүн сайдаар ажиллаж болох хязгаарлалтыг хүчингүй болгож, “давхар дээл”-ийг зөвшөөрсөн билээ. Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд яригдаж ирсэн үлдсэн асуудлууд нь хэрхэх бол.
Өнгөрсөн зургадугаар сард буюу УИХ-ын хаврын ээлжит чуулганыг хаахын өмнө баталсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай 34 дүгээр тогтоолд зааснаар дөрвөн үндсэн сэдвийг хөндөхөөр буй. Тодруулбал, хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх, парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх, хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах болон Төрийн сүлдийг шинэчлэхээр тусгасан.
Хүний эрхийн тухайд цаазын ялыг халах, иргэн Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж үндсэн эрхээ хуульд заасан хязгаарын хүрээнд хамгаалуулах боломж бүрдүүлэх зэрэг таван асуудлыг хөндсөн бол УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, гишүүдийн тоог нэмэх, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хяналт тэнцэл, уялдаа холбоог зохистой болгох талаар парламентын чадавх, хариуцлагыг сайжруулах чиглэлд тусгасан билээ. Мөн нийслэлийн эрх зүйн байдлыг оновчтой болгох, төвлөрлийг сааруулж, хот, хөдөөгийн ялгааг багасгах, бусад хотын хөгжлийг дэмжих гэх мэт ерөнхий хүрээ тогтоосон юм. Эдгээрээс парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоос бусад сэдвээр нээлттэй, далайцтай ярилцсан нь юу л бол. Тухайлбал, тойрогтоо очоод Төрийн сүлдийг шинэчлэх, эсэх талаар ам нээсэн гишүүнээ зад загнаад, “Та нарт үүнээс өөр хийх ажил алга уу” хэмээн амыг нь асуусан тохиолдол цөөнгүй гарсан сурагтай.
Тэгээд ч парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх сэдвийг илүүтэй хөндөх нь өнөөгийн эрх баригчдын сонирхол гэхэд болно. Сонгуулийн тогтолцоог холимог болгон өөрчлөх, гишүүдийн тоог нэмэхээс гадна парламентын засаглалыг төгөлдөржүүлэхтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох, эсэх талаарх яриа хөөрөө өнгөрсөн хугацаанд илүүтэй өрнөв. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангах хүрээнд “давхар дээл”-ийг хязгаарлах, эсэх нь анхаарал татсан сэдэв байсан ч сая нэг тийш болголоо. Ингэснээр сонгуулийн тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тоо, Ерөнхийлөгчийг хаанаас сонгох вэ гэдгийг л тойрч ярихаар болж байх шиг. Өнгөрсөн сард болсон ээлжит бус чуулганыг хаахдаа УИХ-ын дарга ч “Үндсэн хуулийн цэцийн удаа дараагийн шийдвэрүүд, улс төрийн намууд, зарим эрдэмтэн, судлаачийн гаргаж байгаа саналтай уялдуулан Үндсэн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал урган гарч байна. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт, тэнцлийг хангах хүрээнд ард түмний “засаглах эрх”-ийг төлөөлөх УИХ-ын гишүүний тоо хэд байх, сонгуулийн дэвшилт тогтолцооны зарчмыг Үндсэн хуулиар хэрхэн баталгаажуулах талаар судлан, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон” хэмээн онцолсон юм.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг арванхоёрдугаар сарын 31-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг Ерөнхий сайдад даалгасан. Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар хэдийн байгуулаад буй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар улс төрийн намуудын түвшинд боловсруулсан судалгаа, төсөл, холбогдох баримт, мэдээллийг нэгтгэх зорилготой тус ажлын хэсгийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ахалж байгаа. Ажлын хэсгийнхэн саналаа ойрын үед, энэ сараас хэтрүүлэлгүй танилцуулах үүрэг авсан. УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно. Харин УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглож буй. Ерөнхийдөө эрх баригчид Үндсэн хуулиа өөрчилж, улмаар сонгуулийн тогтолцоогоо холимог болгон, пропорциональ буюу хувь тэнцүүлсэн хувилбарыг өнөөгийн мажоритар хэлбэртэй хослуулах ажлыг амжуулахын тулд ердөө есөн сарын хугацаа үлдсэн гэсэн үг. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг түрүүлж батлах шаардлагатай тул үүнээс ч бага хугацаа үлджээ.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах үүргийг Засгийн газарт даалгасан нь ч учиртай. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд зааснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлах эрх бүхий субъектууд болох УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч боловсруулж, өргөн мэдүүлж болох ч хориг, хязгаарлалтууд бий. Тодруулбал, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг өргөтгөх, хугацааг нь сунгах, үүрэг, хариуцлагыг нь сулруулах зэргээр эрх мэдлээ нэмэгдүүлэх агуулга бүхий нэмэлт, өөрчлөлтийг парламент санаачилж болохгүй. Энэ удаа УИХ-ын гишүүдийн тоог нэмэх гэх мэтээр хууль тогтоох байгууллагатай шууд холбоотой зохицуулалт яригдаж буй тул Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах үүргийг Засгийн газар хүлээсэн хэрэг. Мөн Үндсэн хуулийн 68.1-т “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн цэц УИХ-д өргөн мэдүүлж болно” гэж заасан. Тэгээд ч Цэц өнгөрсөн сард “давхар дээл”-тэй холбоотой 02 дугаар тогтоолоо гаргахдаа “Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмын дагуу парламентын засаглалыг төгөлдөршүүлэх зорилгоор хүн амын тоонд үндэслэн парламентын гишүүдийн тоог нэмж өөрчлөх, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох замаар хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн тэнцвэр болон төлөөллийн чадварыг бүрэн хангах асуудлыг шийдвэрлэдэг хандлага парламентын засаглал бүхий улс орнуудад нэгэнт тогтсон байна. Иймд дэлхий нийтийн нийтлэг чиг хандлага, Үндсэн хуулиар баталгаажсан дээрх үзэл баримтлалын хүрээнд Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцүүлэн УИХ-ын гишүүний тоог нэмэх нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарах асуудал” хэмээн үндэслэл болгосон. Өөрөөр хэлбэл, өдгөө ярьж буй парламентын засаглалаа төгөлдөржүүлэх, сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх, УИХ-ын гишүүдийн тоог хүн амдаа дүйцүүлэн нэмэх гэх мэт асуудлын аль алиныг нь Цэц шийдвэртээ дурдаад, “чиглэл” өгчихсөн гэхэд болно. Гэхдээ үргэлжийн сөргөлдөөнт, тэр нь одоо бүр хурцадчихаад байгаа өнөөгийн нөхцөлд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх өөрчлөлтийг Үндсэн хуульд тусга гэсэн үүрэг, чиглэлийг хууль тогтоогчид Цэцэд өгөхгүй нь лав.
Түүнчлэн Засгийн газрын бүрэлдэхүүнийг шинэчилсэн дуулианд замхарчихсан л болохоос УИХ-аас нэгэн ажлын хэсэг байгуулсан. Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, судалгаа, дүн шинжилгээ хийх, үр дүнд нь үндэслэн хэлэлцүүлэг зохион байгуулах, олон нийтээр хэлэлцүүлэх, санал, дүгнэлт боловсруулах зорилготой эл ажлын хэсгийг УИХ-ын дарга Г.Занданшатар ахалж буй. Нарийн бичгийн дарга нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат бөгөөд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд, гишүүн Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нар багтжээ. Мөн дэд ажлын хэсгүүдэд УИХ-ын дэд дарга нар, Хууль зүйн байнгын хорооны даргаас гадна Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Хууль зүйн бодлогын зөвлөх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд, улс төрийн намын удирдлагууд, Үндсэн хууль тогтоогчдын холбоо тэргүүтэй ТББ, ШУА, МУИС-ийн болон бие даасан судлаач, эрдэмтдийг оруулсан байна. Бараг 60 орчим хүнтэй томоохон бүрэлдэхүүн ажиллах нь. Тус ажлын хэсгийн санал, дүгнэлт нь Засгийн газраас боловсруулах төсөлтэй ч уялдах биз ээ.