УИХ-ын дарга асан Р.Гончигдорж иргэн Э.Төмөрбаатарын хамт Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ. Цэцийн өнгөрсөн сарын 15-нд гаргасан тогтоолын дагуу Үндсэн хуулийн 39.1-т “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж заасныг хүчингүй болгосон. Улмаар УИХ ээлжит бус чуулган зарлаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулан дээрх заалтыг хассан.
Энэ нь хүчингүй болгосон заалтыг дахин хүчингүй болгосон гэж үзсэн тэрбээр “Бидний мэдээллээр УИХын дээрх ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн талаар ямар нэг хэлбэрээр шийдвэр гаргахгүй бол Цэц наймдугаар сарын 15- ны өдөр гаргасан 02 тоот тогтоол, эцсийн шийдвэрээсээ татгалзсан үйл явдал болно. Өөрөөр хэлбэл, бидний шийдвэр Үндсэн хууль зөрчсөн буруу шийдвэр байжээ гэж үзсэн хэрэг. Энд Үндсэн хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн тухай маргаан яриагүй. Харин УИХ-ын үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн талаар ярьж байгаа юм” хэмээн хэвлэлд тайлбарлав.
УИХ-ын гишүүн сайдын албыг хавсран гүйцэтгэх буюу “давхар дээл”-тэй холбоотой Цэцийн шийдвэрийн үр дагавар Үндсэн хуулийн өөрчлөлт болон өрнөж, араасаа энэ мэт гомдол, мэдээлэл дагуулж байна. Дахиад ч дагуулахыг үгүйсгэхгүй. Гэвч иргэдийн мэдээллийн дагуу маргаан үүсгэж, үүсгэсэн байлаа ч Цэц тэдний талд шийдвэр гаргах, эсэх нь одоохондоо анхаарал үл татна. Харин Цэцийн 02 тоот тогтоолыг гаргасан бүрэлдэхүүн, бүх гишүүнийг нь тойрсон хэл ам бишгүй. Ер нь Цэцийн гишүүнийг санал болгох, томилох үйл явц нь хаалттай, ил тод бус, салбартаа хүлээн зөвшөөрөгдөөгүй, мэргэжлийн бус хүнийг томилдог, олон нийтийн санал бодлыг сонсдоггүй гэх мэт шүүмжлэл тасардаггүй. УИХ-ын дарга ч ээлжит бус чуулганыг нээхдээ Үндсэн хуулийн Цэцийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг онцолсон. Улмаар Үндсэн хуулийн цэцийн, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийнхнийг ажлаа шуурхайлж, ойрын үед өргөн барихыг даалгаад буй.
Юуны түрүүнд Цэцийн гишүүн Д.Одбаярын бүрэн эрхийн хугацаа ирэх арваннэгдүгээр сард дуусна. Түүнийг 2016 онд УИХ-аас санал болгосноор уг албанд томилсон. БНСУ-ын иргэний агаарын тээврээр зорчихдоо үйлчлэгч бүсгүйн биед хүрсэн, зохисгүй үйлдэл гаргасан гэх дуулиан Д.Одбаярыг 2019 онд Цэцийн даргын албан тушаалаа өгөхөд хүргэсэн ч бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажиллаж байгаа нь энэ. Иймд түүнийг улираан томилох нь юу л бол.
Хэдийгээр бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй ч албыг нь хэзээ авах бол гэсэн хүлээлт хэдийн үүсгэсэн нэг хүн Цэцэд байгаа нь дарга Н.Чинбат. Түүнийг 2017 онд Дээд шүүхээс санал болгосноор томилсон бөгөөд Д.Одбаярын оронд Цэцийн даргаар сонгосон. Түүний бүрэн эрхийн хугацаа нь 2023 онд дуусахаар буй. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээр 65 нас хүрсэн юм билээ. Төрийн албаны тухай хуульд “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч төрийн алба хаах насны дээд хязгаар 65 байна” гэж заасан байдаг. Иймд Н.Чинбатыг тэтгэвэрт гарах насанд хүрсэн гэж үзэж, оронд нь томилох хүнийг нэр дэвшүүлэх ажиллагааг түүнийг санал болгон, томилуулсан Дээд шүүх мөн оны арванхоёрдугаар сарын 8-нд эхлүүлсэн. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4.4-т “Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно” гэж заасныг үндэслэл болгосон хэрэг. Тэгвэл дээрх заалтад дурдсанаар “чөлөөлөгдөж болно” гэсэн нь чөлөөлөхгүй ч байж болно гэсэн үг хэмээх агуулгаар нэгэн иргэн Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаж, түүнийх нь дагуу маргаан үүсгээд даруй долоон сарын нүүр үзэж байна. Мөн Шүүхийн тухай хуулийн 25.8.7-д “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, эгүүлэн татах хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор санал гаргах”-аар эл ажиллагааг эхлүүлж буйгаа Дээд шүүх онцолсон. Үндсэндээ Дээд шүүх санал болгон, томилуулсан гишүүдийнхээ төрсөн өдөр, насыг алдалгүй хянан, анаж байгаад Н.Чинбатыг 65 нас, нэг сартай болохоос нь өмнө нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүлсэн нь Цэцэд мэдээлэл гаргасан иргэний нэг үндэслэл болсон байдаг. Нөгөө талаас Цэцийн гишүүн Н.Чинбатын бүрэн эрхийн зургаан жилийн хугацаа дуусаагүй байхад түүнийг чөлөөлөх гэж нэр дэвшүүлэх ажиллагаа явуулж эхэлсэн нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж мэдээлэл гаргасан иргэн үндэслэл болгосон байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор Дээд шүүхийн эхлүүлээд байсан, Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг түдгэлзүүлээд буй. Уг нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зааснаар иргэний мэдээллийн дагуу маргаан үүсгэсэн бол дунд суудлын хуралдаанд бэлтгэх ажиллагааг 30 хоногийн дотор гүйцэтгэх ёстой. Тухайн маргаан ээдрээ, төвөгтэй шалтгаанаар заасан хугацаанд дуусахгүй бол Цэцийн дарга 30 хүртэл хоногоор сунгаж болох зохицуулалт бий. Үндсэндээ хоёр сараас хэтрүүлэлгүй дунд суудлын хуралдааныг товлон хийх учиртай ч хэдийн хагас жил өнгөрөв.
Бусад гишүүний хувьд Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү нарыг 2018, Г.Баясгаланг 2019 онд эл албанд илгээсэн юм. Өнгөрсөн жил Цэцийн гишүүн болсон хоёр хүн байгаа нь Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар нар. Сүүлд томилогдсон хоёр гишүүнийг эс тооцвол бусад нь бүрэн эрхийн хугацаагаа дуусгахад 60 насыг хэдийн давчихсан байхаар буй. Магадгүй тэднийг Цэцийн гишүүнээр дахин томилбол Н.Чинбаттай адил тэтгэврийн насны дээд хязгаартай нүүр тулж, өнөөдрийнх шиг асуудал үүсгэж мэднэ. Ер нь түүнийг томилж байхдаа насыг нь харгалзан тооцох учиртай байв. Цаашид ч “үеэ өнгөрөөсөн улстөрчид ирдэг” гэж шүүмжлүүлдэг эл албанд хэн нэгнийг томилохдоо насыг нь заавал тодорхой болгох шаардлагатай. Үүнийгээ хууль, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгохдоо тодорхой зааж, олон салаа утгагүй тусгаж өгөөсэй.
Бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй ч төрийн алба хаах насны дээд хязгаартаа аль хэдийн хүрсэн хэмээх маргаан, хаашаа ч хөдөлгөдөггүй гацааг дахин бүү үүсгээсэй. Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүнийг нь Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ, үлдсэн гурвыг нь Дээд шүүхээс нэр дэвшүүлэн УИХ-аар хэлэлцүүлж, зургаан жилийн хугацаагаар томилдог. Юутай ч Цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн хүний талаар нийтийн сонсгол зохион байгуулж, мэдлэг, ур чадвар, туршлагыг нь олон нийтэд таниулах, иргэдийн санал, шүүмжийг сонсох замаар томилох боломж бага ч болов бүрдэж буй. Үүнийг Үндсэн хуулийн цэцийн, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийнхэн илүү сайжруулах шаардлага ч тулгарч байна.