Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас холбогдох сайд нарт үүрэг болголоо. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар өчигдрийн хуралдаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан байна. Улмаар Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулахыг даалгажээ.
Сайд Д.Амарбаясгалангийн танилцуулгад дурдсанаар дэд, тэргүүн дэд, орлогч дарга, зөвлөхөөр ажиллаж байсан 159 хүнийг чөлөөлж, сайдаас доош түвшний албан тушаалтан автомашин хэрэглэхийг хязгаарлан, 587 автомашиныг Засгийн газрын авто баазад хүлээлгэн өгсөн гэнэ. Мөн төсвийн байгууллагад дүрэмт хувцас худалдаж авахгүй, албан томилолтоор онгоцоор явах бол энгийн ангиллаар зорчих болон төсвийн хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл бэлдэхгүй, албан хэрэг хөтлөлтийг цахимжуулах, өдөр тутмын ажиллагаанаас хэмнэх боломжтой зардлыг бууруулснаар нийт 5.8 тэрбум төгрөг хэмнэжээ. Энэ онд нэмж 5.7 тэрбум төгрөгийн зардал хэмнэхээр тооцсон аж. Түүнчлэн төрийн өмчийн үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн тэргүүн дэд, дэд, орлогч даргаар ажиллаж байсан 104 хүнийг чөлөөлснөөр 4.4, зохион байгуулалт, бүтэц, чиг үүргийг нь оновчтой тодорхойлох, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталснаар 5.6, сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт, удирдлагын харилцаа, холбооны болон бусад зардлыг хэмнэх, нийтийн арга хэмжээг санхүүжүүлэхгүй байснаар 26.2 тэрбум төгрөг хэмнэжээ. Мөн төрийн өмчит үйлдвэрийн газар, компанийн үндсэн үйл ажиллагаатай шууд холбоогүй төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байхаар заасны хүрээнд 43.1 тэрбум төгрөгийг төсөвт үлдээсэн байна.