“Бэрс Эй Би Эс актив ТЗК” компанийн 24 сарын хугацаатай, 16.8 хувийн хүүтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай зохион байгуулжээ. Энэ нь Монголын хөрөнгийн биржид бүртгүүлсэн, хөрөнгөөр баталгаажсан дөрөв дэх үнэт цаас юм. Тус үнэт цаасны арилжааны захиалгыг өнгөрсөн 25-наас өчигдрийг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулан хүлээн авсан. “Бэрс Эй Би Эс актив ТЗК” компани нь нэг бүр нь 100 мянгын үнэ бүхий 100 мянган ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэв. Тус компаниас санал болгосон энэхүү хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг худалдан авахаар 159 хөрөнгө оруулагчийн 162 захиалга бүртгэгджээ. Нийт захиалгын дүн санал болгосон үнийн дүнд хүрч, 100 хувь биелсэн тул анхдагч зах зээлийн арилжааг хугацаанаас нь өмнө хаасан байна.