Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа зарим гишүүнийг томилж, шинэ сайд нар нь тангаргаа өргөлөө. УИХ-ын ээлжит бус чуулганы үндсэн зорилго ч биелж, хаав. Ингэснээр Засгийн газар “давхар дээл”-тэй 13 сайдтай боллоо. Бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12 яамтай байх нь. Яамгүй буюу Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга болон Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайдыг бүтэцдээ нэмснээр ийн өргөжиж буй. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн асуудал хариуцсан сайдыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын түвшинтэй дүйцүүлэн томилсон аж.
Хэдийгээр өмнөх Засгийн газруудад УИХ-ын гишүүн сайдын албан тушаалыг хавсран гүйцэтгэсэн дүнтэй харьцуулбал 13 “давхар дээлтэн” толгой цохихгүй ч энэ удаа Ерөнхий сайдаас гадна 21 сайд томилсон нь хамгийн нүсэр бүтцэд тооцогдож байна. Н.Алтанхуяг болон Ч.Сайханбилэгийн Засгийн газар хамгийн олон буюу 19 гишүүнтэй ажиллаж, түүнийг нь тухайн үеийн сөрөг хүчин, өнөөгийн эрх баригч Ардын намынхан шүүмжилж, дээл давхарлан өмсөөд, төв талбайд жагсаж байлаа. Салбар дундын зохицуулалтыг хангах, салангид чиг үүргүүдийг нэгдсэн бодлогоор зохицуулах үүднээс Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн асуудал хариуцсан сайдыг томилсон гэдгээ Ерөнхий сайд тайлбарласан. Гэсэн ч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай чиг үүргийн хувьд давхцаж байна хэмээн шүүмжилсэн хүн бишгүй. Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайдыг ч тэр Ерөнхий сайдын дор ажилладаг Биеийн тамир, спортын улсын хороо, эсвэл Монголын үндэсний олимпын хорооны чиг үүргээс булаацалдсан, УИХ-д таван удаа тасралтгүй сонгогдсон “аварга”-д зориулсан албан тушаал гэж хэлэх хүн олон аж.
Ерөнхий сайд энэ удаа Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг шинэчлэхдээ Шадар сайд С.Амарсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Соёлын сайд Ч.Номин нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар авч үлдэв. Цаашид сайд нарын ажлын гүйцэтгэлийг жил бүхэн үнэлж, хариуцлага тооцох зарчмыг Ерөнхий сайдын хувьд баримталж, олон нийтийн үнэлгээтэй уялдуулан ажиллах болно гэдгээ Засгийн газрын тэргүүн анхааруулсан. Ажлын гүйцэтгэлд тулгуурласан хариуцлагын үнэлгээний тогтолцоо зөвхөн сайд нар төдийгүй төрийн анхан дунд шат, орон нутагт хамааралтайг ч тэрбээр сануулсан юм.
2019 онд баталж, УИХ-ын өнгөрөгч сонгуулиас мөрдсөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу гишүүдээ чөлөөлж, огцруулах, томилох нь Засгийн газрын тэргүүний хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрх болсон ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гүйцэтгэх засаглалыг тэргүүлснээс хойших нэг жил, долоон сарын хугацаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанг өөрчилснөөс өөрөөр танхимдаа хөдөлгөөн хийгээгүй юм. Харин энэ удаа Цэцийн шийдвэртэй холбоотойгоор Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу зургаан сайдаа явуулж, 10 хүнийг танхимдаа шинээр томилов. Гурван жил хүрэхгүй хугацааны өмнө баталж, “давхар дээл”-тэй сайдын тоог дөрвөөр хязгаарласан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуультайгаа зөрчилдөж байна гэх агуулга бүхий мэдээлэл Цэцэд хүргэснээс энэ бүхэн эхлэлтэй. Түүнээс хойш үүнийг их суудлын хуралдаанаас хүчингүй болгосон, улмаар УИХ нүд ирмэхийн зуур холбогдох хуулиудад, бүр Үндсэн хуульд өөрчлөлт оруулан өнөөдрийн үр дүнд хүргэсэн үйл явц Монголын улс төрийн түүхийн халуун сэдэв байж, хэзээ ч арилахааргүй үлдлээ. Өчигдөр ээлжит бус чуулганыг хаахдаа УИХ-ын дарга Г.Занданшатар “Одоо хөгжлийн бодлогын баримт бичгүүд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэдийн хүсэж буй хүлээлтэд нийцүүлж, тулгамдсан болон бодлогын асуудлуудаа шуурхай, хурдтай шийдвэрлэж, бодит үр дүнд хүргэж ажиллах үүрэг шинэчлэгдсэн Засгийн газрын бүрэлдэхүүнд ногдож байна. УИХ Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бүрэн дэмжиж, гар, сэтгэл нийлж ажиллахын зэрэгцээ хяналт, хариуцлага, сахилга, ёс зүйг шаардах болно” хэмээн онцолсон. 76 гишүүнээс 13 нь Засгийн газарт ажиллаж буй УИХ, танхимын 21 сайдынхаа талаас илүүг нь парламентаас томилсон Засгийн газрын хяналт, хариуцлага нь сайжрах уу, аль эсвэл холион бантан болох уу гэдгийг ирэх хоног өдрүүд харуулах биз. “Давхар дээл”-тэй сайдуудаар өргөжсөн Засгийн газрын давуу тал нь юу байх бол. Бүрэлдэхүүний хувьд ч, давжаа парламентаас авчирсан гишүүдээр бяр нэмсний хувьд ч хамгийн том Засгийн газар хаана хүрэх бол. Өгсөх үү, уруудах уу.
Сайд нарыг сонгохдоо “УИХ-д сонгогдсон болон мэргэжлийн байнгын хороог удирдсан байдал, мэргэжлийн хийгээд улс төрийн туршлагыг харгалзах сонгодог парламентын засаглалын мерит зарчмыг үндэслэл болголоо” хэмээн Ерөнхий сайд онцолсон. Үнэхээр ч хамгийн багадаа хоёр, дээд тал нь таван удаа УИХ-д сонгогдсон гишүүдийг Засгийн газрын тэргүүн танхимдаа авчирлаа. Тэдний олонх нь сайдаар ажиллаж байсан бөгөөд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар гэхэд л дөрвөн удаа сонгогдохдоо тав дахиа Засгийн газрын гишүүнээр томилогдсон нь энэ.
Мөн цар тахал болон олон улсын хямралт нөхцөл байдлын үед “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан стратегийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, УИХ, Засгийн газрын уялдаа холбоог сайжруулах үндэслэлээр мэргэжлийн байнгын хорооны дарга нарыг тухайн салбарын яаманд ажиллуулах ерөнхий зарчмыг баримталснаа дурдав. Тухайлбал, хууль тогтоох хийгээд гүйцэтгэх засаглал, орон нутгийн уялдаа холбоо, Засгийн газраас дэвшүүлсэн зорилго, зорилтын хэрэгжилтийн хяналт, үнэлгээг сайжруулах, төрийн бүтээмжийг дээшлүүлэх, ажлын гүйцэтгэлийг хурдасгахад бодитой ахиц гаргана гэж найдаж МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилж буйгаа тэрбээр тэмдэглэнэ лээ. Эрх баригч намын “гал тогоо”-г барьж, сүүлийн хоёр сонгууль дараалан МАН-ыг үнэмлэхүй ялуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэгддэг түүнийг намын дарга нь буруу үнэлээгүй болов уу. Тэр бол сая томилогдсон 10 сайдаас УИХ-ын гишүүний “давхар дээл”-гүй ганц хүн. Гэхдээ Ардын намынхныг “атгадаг” албан тушаал болох ерөнхий нарийн бичгийн даргын суудлаа өгөх ёстой. МАН-ын дүрмийн дагуу генсек нь өөр ажил, албан тушаал эрхлэх нь хориотой. Тус албанд хэн очих вэ гэдэг таамаглал ч түүнийг сайд болохтой хамт хөврөв. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр нарыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгох магадлалтайг эх сурвалжууд бичээд эхэлчихэж.
Бусад есөн сайдын хувьд УИХ-ын гишүүний “дээл”-ээ тайлахгүй ч Д.Сарангэрэлээс бусад нь тушаах ёстой албан тушаалтай. Тэр нь УИХ-ын байнгын хорооны дарга. Эдийн засаг, хөгжлийн сайд болсон Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарын оронд Г.Тэмүүлэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсон Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын оронд П.Цэрэнпунцаг, Эрчим хүчний сайдын алба хаших болсон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнгийн оронд гишүүн Т.Энхтүвшинг сонгов. Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтын оронд Л.Мөнхбаатар, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд болсон Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учралын оронд гишүүн Э.Батшугар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулууны оронд гишүүн Б.Саранчимэг, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд болсон Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнийн оронд гишүүн Б.Баттөмөрийг тэр дор нь сонголоо. Байнгын хороо удирдахаар болж буй зарим гишүүн бас л “давхар дээл”-тэй. Тиймээс Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрийн оронд гишүүн Б.Энх-Амгалан нарыг “тавив”. Гэхдээ УИХ-ын тухай хуулийн дагуу байнгын хорооны удирдлагыг жил тутам томилдог бөгөөд Засгийн газрын танхим дахь хөдөлгөөнтэй давхцаж буй. Тухайлбал, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгийн оронд гишүүн П.Анужин, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдиннямын оронд гишүүн Г.Мөнхцэцэгийг сонгосон. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ж.Мөнхбатыг улираасан юм.
Түүнчлэн Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга бөгөөд сайдаар томилогдсон Ж.Сүхбаатар нь УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга. Иймд түүний оронд бас өөр нэгнийг сонгох биз ээ.