Монгол Улс эрчим хүчний түүхий эдийн асар их нөөцөөр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй ирээдүйд ОХУ монголын эрчим хүчийг импортлогч орны нэг болох боломжтой. Үүний тулд юу хийх шаардлагатайг 2022 оны 9-р сарын 5-8-ны хооронд ОХУ-ын Владивосток хотод болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаар хэлэлцэх болно.
Монгол Улс байгалийн баялаг ихтэй, нүүрс, уран болон бусад ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг. Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын төсвийн орлогын 25 хувь, экспортын 90 гаруй хувийг бүрдүүлдэг.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлснээр барууны хориг арга хэмжээ нь улс орны эдийн засгийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж, өөрчлөлтийг хийхэд саад болж байгаа юм. Мэргэжилтнүүд, улстөрчид одоогийн нөхцөл байдлаас гарах арга зам нь Оросын Холбооны Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэж үзэж байна.
2022 оны 3-р сард Улаанбаатар хотод “Үйлдвэржилтийн үйл явцыг сэргээх нь” сэдэвт хэлэлцүүлэг болсон. Хэлэлцүүлгийн үеэр уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ендон “Дэлхий дахинд түүхий нүүрсний хэрэглээ буурч байгаа тул ашигт малтмалыг боловсруулж, дэлхийн зах зээлд гаргах хэрэгтэй” гэж онцлон тэмдэглэсэн.
Удахгүй Монгол Улс нефтийн бүтээгдэхүүн экспортлож эхлэх магадлалтай. Энэ талаар зөвхөн монголын мэргэжилтнүүд төдийгүй оросууд ярьж байна. Тухайлбал Оросын "Энергетическая политика" хэвлэл “өдгөө Монгол Улсыг байгалийн хийгээр хангах таатай нөхцөл бүрдсэн гэж тэмдэглэжээ. Энэ нь дэлхийн хамгийн том хийн экспортлогч ОХУ, дэлхийн хийн зах зээлийн хамгийн том хэрэглэгч орнуудын нэг Хятад улстай хиллэдэгтэй холбоотой юм.
Түүнчлэн ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсаар дамжин өнгөрөх “Союз-Восток” байгалийн хийн хоолойг барих ажил хуваарийн дагуу явагдаж байна гэж Монголын гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой энэ оны долдугаар сард Улаанбаатар хотод хийсэн хэлэлцээний үеэр мэдэгдэв.
Монгол Улсын Засгийн газрын мэдээлснээр өнгөрсөн онд байгалийн хийн хоолойн ТЭЗҮ-г боловсруулж дууссан. Энэ жил төслийн инженерийн геодези, байгаль орчин, археологийн чиглэлээр судалгаа хийж байгаа бөгөөд энэ ажлыг 2022 оны 11-р сард дуусгахаар төлөвлөж байна.
Мөн Монгол, Оросын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаар дурдах хэрэгтэй. Тухайлбал талууд Улаанбаатар хотын дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг шинэчлэх томоохон хамтарсан төслүүдийг хэрэгжүүлж байна. Эрчим хүчний томоохон үйлдвэрүүдийн нэг бол ТЭЦ-4 бөгөөд оросын мэргэжилтнүүд энэ станцын эрчим хүчний блокуудын хүчин чадлыг өргөтгөж, шинэ блокууд барьж, эрчим хүчний системийн хүчин чадлыг 600 МВт-аар нэмсэн.
ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтын хүрээнд Ази, Номхон далайн орнуудын хамтын ажиллагаа, стратегийн харилцан үйлчлэлийн асуудлыг хэлэлцэх гэж байна. Чуулга уулзалтын хүрээнд 70 гаруй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын чиглэлээр шинэ түншлэл бий болгох асуудлыг хэлэлцэнэ. Монгол Улс, ОХУ-ын төлөөлөгчид ямар гэрээ хэлэлцээр байгуулахыг бид тун удахгүй мэдэх болно.