“Хэрвээ би өрхийн эмнэлгийн дарга байсан бол үүнийг тэгж, түүнийг ингэж хийнэ” гэж бодоход хүрэв. Хамгийн гол нь үйлчилгээг хүний төлөө гэсэн сэтгэлээр хүргэхийн төлөө зорино. Өрхийн эмнэлгийн үйлчилгээний талаар нэлээд хэдэн иргэний санал, сэтгэгдэлд үндэслэн ийнхүү бодоход хүрэв. Эмнэлэгт хэвтэх шаардлагатай болж өрхийн эрүүл мэндийн төвөөсөө 13А хэмээх, өвчтөн шилжүүлэх маягт авахаар очтол дараалалд зогссон хүн олон байв. Ганц эмч иргэдийг үзэж байсан бөгөөд тэр өрөөнөөс гарч ирсэн эмнэлгийн ажилтнаас “13А маягт авахын тулд энэ хүмүүсийн адил дугаарлах уу” гэж асуухад “Энд өгөхгүй. Дүүргийн амбулаториос аваарай” гэв. Заасан газарт нь очтол үзүүлэх ёстой мэдрэлийн эмч нь алга байв. Цахимаар бүртгэгч “Эмч маргааш ирнэ. Гэхдээ үзлэгийн цагийг сар дуустал олгочихсон. Гэсэн ч маргааш ирээд эмчид хандаад үзээрэй” гэх нь тэр. Арга буюу амбулаторийн орлогч даргад нь учраа хэлж, өнөөх 13А-гаа хүслээ. Тэгэхэд дарга бүсгүй “Хэн таныг нааш нь явуулсан юм бэ. Манайх II шатлалын эмнэлэг. Дараагийн III шатлалынхад өвчтөн илгээдэг. Ингэхдээ 13Б гэдэг маягтыг сэтгэцийн, хавдрын гэх мэт оноштой хүнд өгдөг. Та өрхийн эмнэлэгтээ оч” гэдэг юм байна. Буцаад явлаа. Энэ хооронд гурван цаг зарцуулсан бөгөөд өрхийн эмчийн өрөөний үүдэнд нэг ч хүн байгаагүй тул орж учраа хэлэв. Тэрбээр биеийн байдал үзэж, асууснаа ширээнийхээ нүднээс тэвхгэр маягт гаргаж, нэгийг нь салгаж, бичээд, тамгаллаа. Ингээд л болчих зүйлийг буруу хэлж, зам будилуулсан ажилтан хэн байв. Мэдэхгүй бол яагаад мэдэмхийрэв. Тухайн өрхийн эмнэлэгт наад захын, бүгд дагаж мөрддөг журам гэж байна уу. Хэдэн хүнийг ийнхүү төөрөгдүүлж, будилуулав гэдэг асуулт урган гарав.
Дээр дурдсан зүйл бол ердөө л нэг жишээ. Иймэрхүү асуудлаас болж эмнэлгээр үйлчлүүлсэн өчнөөн олон иргэн ийш тийш, байгууллага хооронд “аялж”, цаг заваа үрдэг жишиг ч гэхээр зүйл манайд тогтжээ. Зүй нь болбоос олон мянган хүнтэй харилцдаг өрхийн эмнэлгийнхэн энэ мэтийн үйлчилгээнийхээ талаар дурайтал бичээд, мэдээллийн самбартаа тавьчихмаар байна. Өрхийн эмчийн ажил их. Хүүхэд, эцэг, эх, өндөр настан гээд бүгдийг хамардаг. Түүнчлэн гэрээр явж үзлэг хийнэ. Хөнгөлөлттэй эм бичих гэдэг амархан юм шиг мөртлөө хугацаа барсан ажил бас бий. Эдгээрийн хажуугаар өвчтөн шилжүүлэх хуудас өгнө. Эмч, ажилтнуудын ажил их байх тусам удирдлага нь ажиллагсдынхаа ч, үйлчлүүлэгчдийнхээ ч сэтгэл ханамжийг бодолцсон менежмент хэрэгжүүлмээр. Энд байгууллагын нэр, хаягийг дурдсангүй. Гэсэн ч өрхийн эмнэлгээр үйлчлүүлсэн олон хүн иймэрхүү зохион байгуулалтын, иргэдийн цаг завыг хүндэтгэсэн үйл ажиллагаа дутагдалтай байгааг хэлэх биз ээ.