АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Б.Бейсен нарыг найман жилийн хугацаагаар намын гишүүнчлэлээс хасжээ. УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа хууль зөрчсөн гэж АН-ынхан эсэргүүцэж буй бөгөөд дээрх гишүүд үүнийг дэмжиж оролцон, намын дүрмийг мөрдөөгүй тул ийм арга хэмжээ авсан гэнэ. Мөн өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь, Ц.Туваан нарыг АН-ын гишүүнчлэлээс хассан билээ. Харин энэ удаа Ж.Батсуурьт ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгожээ. Иймд парламентад АН Д.Ганбат, Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж, Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн гэсэн таван гишүүнтэй үлдэж, бүлгээ татан буулгаж буйг тус намын дарга С.Эрдэнэ тэргүүтэй удирдлага нь өчигдөр мэдээлэв. Тэд эл шийдвэрээ УИХ-ын даргад уламжилжээ. Ингэхдээ АН-ыг төлөөлөн УИХ-ын дэд даргаар ажиллаж буй С.Одонтуяаг албан тушаалаас нь чөлөөлөхийг шаардсан байна. Нэгэнт УИХ-д бүлэггүй болж байгаа тул зөвлөл байгуулан ажиллах аж. Зөвлөлийг нь УИХ-ын гишүүн Д.Ганбат даргалах юм байна. Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар, гишүүн О.Цогтгэрэл нарыг Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр Цэцэд “өгнө” хэмээсэн. Мэдээллийн үеэр С.Эрдэнэ “АН Засгийн газарт орж ажиллах талаар ямар ч шийдвэр гаргаагүй. АН-ын гишүүнчлэлгүй болсон хүмүүс УИХ-д манай намыг төлөөлөх чадамжгүй” гэв. Тэднийг мэдээлэл хийж байхад хөөгдсөн гишүүд нь АН-ын бүлгийн хурлыг хаалттай хийж, Ажлын албаны даргаараа С.Эрдэнэболдыг томилсон юм. Гишүүн О.Цогтгэрэлийн даргалсан тус хуралдаанд “Монгол Улс дахь эвслийн, хамтарсан Засгийн газрын түүх” сэдвээр АН-ын хуулийн зөвлөх Г.Эрдэнэбат илтгэл тавьжээ.