УИХ өнгөрсөн пүрэв гарагт Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, 39.1 дэх хэсгийн “...Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг хүчингүй болгосон. Улмаар УИХ-ын дарга Г.Занданшатар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нарын хамт дээрх өөрчлөлтийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баасан гарагт биечлэн танилцуулж, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэв. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18.13-т “Ерөнхийлөгчийн нотлон баталгаажуулсан уг эхийг Үндсэн хуульд байршуулж, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэх бөгөөд түүнийг албан ёсны эхэд тооцно” хэмээн заажээ. Эл өөрчлөлтийг мөн хэдхэн хоногийн өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд оруулсан юм.
Түүнчлэн Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг өнгөрсөн баасан гарагт баталлаа. Мөн ээлжит бус чуулганыг энэ сарын 26 хүртэл хуралдуулахаар товлосон ч УИХ-ын дарга захирамж гарган, наймдугаар сарын 31-нд хаахаар хугацааг нь сунгав.