Засгийн газраас махны экспортын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар гаргасан шийдвэрийн талаар ХХАА-н сайд З.Мэндсайхан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, " Өнгөрсөн зургаадугаар сарын 8-ны өдрийн Засгийн газрын 32 дугаар тогтоолоор дулааны аргаар боловсруулсан махыг экспортод гаргахыг түр түдгэлзүүлсэн байгаа. Энэ шийдвэртэй холбоотойгоор Мэргэжлийн хяналт болон холбогдох хуулийн байгууллагууд шалгалт хийж дууссан.Шалгалтаар махны экспортын эрхтэй 11 ААН-ийн дулааны аргаар боловсруулсан 5,720 тонн мах, долоон ААН-ийн 3,817 тонн адууны мах буюу нийт 10 орчим мянган тонн махыг экспортод гаргах эрүүл ахуйн шаардлага хангасан гэж үзээд өнөөдрийн хуралдаанаар оруулж шийдвэрлэсэн. Ингэснээр нийт 16 ААН-ийн 9,537.6 тонн махыг экспортод гаргах боломжийг бүрдүүлсэн. Мөн цаашид махны экспортод хориг тавихгүй. Хамгийн гол нь экспортын бүтээгдэхүүнд эрүүл ахуйн стандартыг хангасан байх шаардлагыг тавина" гэж хэлэв.