УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр эхлүүлж, энэ долоо хоногтоо хаана. Тус чуулганаар ҮАБЗ-ийн мэдээлэл, Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой болон цаг үеийн асуудлаарх мэдээлэл сонсохоор төлөвлөсөн. Цэцийн 02 дугаар тогтоол гэдэг нь Засгийн газрын дөрвөөс илүүгүй сайд нь УИХ-ын гишүүний “давхар дээл”-тэй байж болохоор заасан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгосон шийдвэрийг хэлж буй. Цэцийн тогтоолыг их суудлын хуралдаанаас гаргадаг. Энэ нь эцсийнх бөгөөд баталмагц хүчин төгөлдөр үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, дээрх шийдвэрийг УИХ “шүүхгүй”. Гэхдээ үүний үр дагаврыг харж, шаардлагатай хууль, тогтоолыг батлах бүрэн эрх нь парламентынх.
Үр дагаврын тухайд сүүлийн хэдэн өдрийн турш шуугьж буй Засгийн газрын бүрэлдэхүүний өөрчлөлтийн талаарх таамаг, сайд нараас хэн, хэнийг нь чөлөөлж, УИХ-ын гишүүдээс хэн, хэний “дээл”-ийг давхарлах вэ гэдэг нь үнэндээ эхний ээлжид яригдах чухал асуудал биш. Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “... Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж заасан нь Үндсэн хуультай харшилж байна гэж үзсэнээс бус, одоогийн Засгийн газарт “давхар дээл”-тэй дөрвөн сайд байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэж шийдвэрлээгүй. Магадгүй УИХ-ын гишүүдээс сайд болохыг сэрүүн зүүдэлж яваа заримынх нь хувьд өөрийгөө Засгийн газрын танхимд ажиллана гэж “зөгнүүлэх” боломж төдийгүй түүнийгээ үтэр түргэн ашиглаж буй үйл явц биз.
Харин Үндсэн хуульд гурван жилийн дараа дахин гар хүрч, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх замыг Цэц зассан нь анхаарал татсан үр дагавар юм. Тодруулбал, “давхар дээл”-тэй холбоотой асуудлаар Цэцэд анх мэдээлэл гаргасан УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Д.Үүрцайх нар “2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төрийн эрх мэдэл хоорондын хяналт-тэнцлийг хангахын тулд УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллах тоог хязгаарлах, хориглох зарчмаар бус, Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлалд нийцүүлэн, иргэдийн эрхийг хангасан, засаглалын салаа, мөчир бүрийн үр ашигтай байдлыг хангахуйц, олон улсын парламентын ардчиллын хөгжлийн чиг хандлага, манай улстай төстэй төрийн эрх мэдлийн “зөөлөн” хуваарилалт бүхий улсуудын сайн жишигт нийцүүлэн УИХ-ын гишүүдийн тоог 150-иас дээш байхаар тогтоож, Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлал, үндсэн бүтцийг хадгалсан байдлаар шийдэх нь зохистой байсан. Иймд Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэх асуудлыг Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал, төрийн эрх мэдлийн хуваарилалтын хяналт-тэнцлийн зарчмыг алдагдуулахгүй байх зорилгын үүднээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгох, сонгогдох эрхийн баталгааг бүрэн хангасан сонгуулийн тогтолцоог хуульчлан тогтоох асуудалтай нягт холбоотой, иж бүрнээр нь шийдвэрлэх ёстойг Цэцээс магадлан тогтоох шаардлагатай” хэмээн нэмэлт тайлбар хийсэн байдаг. Гэхдээ тэдэнтэй ижил агуулга бүхий мэдээлэл гаргаж, Цэцэд хандсан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар парламентын гишүүдийн тооны талаар огтхон ч хөндөөгүй. Тиймээс ч тэднийг эрх баригчдаас сайдын суудал горьдож ийм алхам хийсэн гэж шүүмжлэх хүмүүс ч байгаа юм.
Мөн их суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдож, баталсан хуулиа хамгаалахаар оролцсон гишүүн Н.Энхболд “Дэлхийн улсуудын хууль тогтоомж, туршлагаас харахад парламентын гишүүн нь цөөн тоотой бол сайдын үүргийг хавсран гүйцэтгэхийг хориглох хандлагатай байна. Харьцангуй цөөн гишүүнтэй, нэг танхимтай парламент бүхий Монгол Улсын хувьд парламентын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсран ажиллахыг хатуу хориглох, эсхүл бүрэн нээлттэй байлгах нь онолын хувьд ч, туулж ирсэн туршлагаас үзэхэд ч тохирохгүй нь илэрхий болсон гэж үзэн уг хоёр албан тушаалыг хавсарч болох зохистой заагийг тогтоох үүднээс Үндсэн хуулийн 39.1 дэх хэсгийг “... Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж өөрчлөн найруулсан. Үндсэн хуулийг анх батлах үед УИХ-ын 76 гишүүнийг тухайн үеийн сонгуулийн насны иргэдийн тоонд үндэслэн харьцуулж нэг гишүүн 15-20 мянган сонгогчийг төлөөлөхөөр тооцсон. 1992 онд 2.1 сая хүн амтай байсан бол өдгөө 3.3 сая болж нэг гишүүн дунджаар 42.7 мянган хүнийг төлөөлж байна. Энэ нь УИХ-ын нэг гишүүн Эстони улсын парламентын гишүүнээс 3.4, Зүүн Тиморынхоос 4.6, хүн амын тоо ойролцоо Арменийхаас 1.8 дахин олон иргэнийг төлөөлж байгаа хэрэг. Тиймээс судлаачид УИХ-ын гишүүдийн тоог хүн амтай уялдуулан, төлөөллийн зарчмыг илүү сайн хангуулах үүднээс нэмэх, цаашид Үндсэн хуулийн хүрээнд уг асуудлыг авч үзэх бодит шаардлага бий болсон гэж үздэг. Мөн УИХ-ын гишүүдийн тоо 120-150 байх ёстой гэдэг. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн холимог тогтолцоог бүрдүүлсэн нөхцөлд парламентын гишүүн, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэснээр төрийн эрх мэдлийн хяналт-тэнцлийг алдагдуулах бодит шалтгаан арилна гэж үзэж байна” хэмээн тайлбар гаргасан байх аж.
Түүнчлэн Цэцийн эл хуралдаанд МУИС-ийн дэргэдэх Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнг шинжээч байгууллагаар томилсон бөгөөд сонгон судалсан парламентын засаглалтай 38 улсын 15 нь парламентын гишүүн Засгийн газрын гишүүний албыг хавсрахыг шаарддаг болон зөвшөөрдөг байхад 19 нь хориглодог, дөрөв нь тодорхой квот тогтоож өгснийг дурджээ. Ингэхдээ “Парламентын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг шаарддаг болон зөвшөөрдөг улсууд нь нэг танхимтай, 120-иос дээш гишүүнтэй байгаа бөгөөд үүний шалтгаан нь парламентыг “тамга дарагч” төдий болохоос сэргийлдэг” гэж дүгнэлтдээ дурдсан байна.
Эцэст нь Цэц 02 дугаар тогтоолоо гаргахдаа “Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмын дагуу парламентын засаглалыг төгөлдөршүүлэх зорилгоор хүн амын тоонд үндэслэн парламентын гишүүдийн тоог нэмж өөрчлөх, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох замаар хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн тэнцвэр болон төлөөллийн чадварыг бүрэн хангах асуудлыг шийдвэрлэдэг хандлага парламентын засаглал бүхий улс орнуудад нэгэнт тогтсон байна. Иймд дэлхий нийтийн нийтлэг чиг хандлага, Үндсэн хуулиар баталгаажсан дээрх үзэл баримтлалын хүрээнд Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцүүлэн УИХ-ын гишүүний тоог нэмэх нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарах асуудал” хэмээн үндэслэл болгожээ. Өнөөгийн эрх баригчдын улиг болтлоо ярьж буй парламентын засаглалаа төгөлдөржүүлэх, сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх, УИХ-ын гишүүдийн тоог хүн амдаа дүйцүүлэн нэмэх гэх мэт асуудлуудын аль алиныг нь Цэц шийдвэртээ дурдаад, “чиглэл” өгчихөж.
Гэхдээ эрх баригч Ардын намынхан ийм “чиглэл” өгөөд, Цэцээр дээрх тогтоолыг гаргуулав уу гэдэг эргэлзээ, хардлага байгаа нь нууц биш. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар зүсэн бүрийн аргаар зүтгэж буй Ардын намынхны өмнөө барих нэг гаргалгаа нь Цэцийн шийдвэр болох юм. Өнөөдрөөс эхлээд “Цэц нэгэнт ингэж шийдсэн тул УИХ-ын гишүүдийн тоог нэмнэ, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлаа шуурхайлахгүй бол горьгүй нь” гэж ухуулна.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Засгийн газраас байгуулсан, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ахлагчтай ажлын хэсгээс гадна УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор удирдуулсан баг энэ ажлыг цэгцэлж буй. Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдээс ирүүлж байгаа саналууд, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн санал, дүгнэлт, улс төрийн намуудын тунхаг бичиг, парламент дахь МАН-ын бүлгийн шийдвэрийн талаар судалж, олон нийтийн санаа бодлыг тандан судлах сэдвийн хүрээг тодорхойлох, хэлэлцүүлгийн хугацааг тогтоох, зохион байгуулахаар дээрх ажлын хэсгийг өнгөрсөн зургадугаар сард байгуулсан билээ. Ажлын хэсэгт гишүүн А.Адьяасүрэн, Г.Ганболд, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг нар багтсан юм. Ийнхүү хэдийн бэлтгэлдээ гарсан эл ажлыг УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, сайд нарыг чөлөөлж, томилох, эсэх асуудал халхавчилж байгаа ч Ерөнхийлөгчийг парламентаас сонгох уу, сонгодог боллоо гэхэд одоогийн Төрийн тэргүүнд хэрхэн “үйлчлэх” вэ гэх зэрэг анхаарал татсан олон асуудлын чигийг ээлжит бус чуулган заана.