Улаанбаатар хотод Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ,хөгжлийн нэгдсэн төв барьж байна. Уг төв нь нийт 3500 ам метр талбайтай, ажил олгогчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сургалт дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлах, ажлын байранд дадлагажуулах болон хөдөлмөрийн сэргээн засалт зэрэг есөн чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм байна. Дээрх барилгын ажил одоогоор 40 орчим хувьд хүрснийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас дурдлаа. Түүнчлэн энэ нь орон нутаг дахь төв үүдийнхээ үйл ажиллагааг зангидаж, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй байх аж.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачилж, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төсөл хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд зургаан аймаг болон Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөгжлийн төв барьж байгаа билээ. Тодруулбал, нийслэлээс гадна Дархан-Уул, Хөвсгөл, Дундговь, Дорнод, Ховд, Архангай аймагт хөгжлийн төвүүд барьж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн оролцоог сайжруулах, эрүүл мэнд, соёл, боловсролын шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх, хөгжих боломжийг нь нэмэгдүүлэх зорилгоор тэдгээр төвийг барьж буй юм. Төвүүдэд тухайн орон нутгийн бүх насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цогц үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн бөгөөд их эмч, хөдөлмөр болон хөдөлгөөн, хэл засалч, нийгмийн ажилтан зэрэг 20 гаруй хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулна.
Барилга нь ч орчин үеийн стандартад нийцсэн, ямар ч төрлийн бэрхшээлтэй хүн үйлчлүүлэхэд тохиромжтой байх аж. Төвүүдийн ажлын явцын талаарх мэдээллийг хүргэе. Түүнчлэн цаашид Орхон, Сэлэнгэ, Төв, Өмнөговь аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв барихаар төлөвлөснийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлж байв.
- Дорнод аймагт барьж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв нь 1.3 сая ам.долларын санхүүжилттэй, 1800 ам метр талбайтай аж. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар тус төвийн барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьд хүрчээ. Төвийн үйл ажиллагааг энэ онд багтаан эхл үүлэхээр төлөвлөсөн гэнэ. Түүнчлэн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн хүний нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор зургаан удаагийн сургалтад нийт 16 хүнийг хамруулсан гэнэ. Ингэснээр нийгмийн ажилтан дөрөв, хөдөлгөөн засалч нэг, хөдөлмөр засалчаар нэг хүн бэлтгэсэн аж. Мөн АШУҮИС-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хоёр, хэл засалчаар дөрөв, сул харааны тусгай эмчээр нэг, туслах техникчийн сургалтад гурван хүнийг тус тус хамруулж, хүний нөөцөө бэлтгэснийг Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас мэдээллээ.
- Архангай аймагт барьж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын ажлын явц 40 хувьтай байгаа аж. Тус аймаг дахь ажил удаашралтай байгаа гэнэ.Энэ талаар уг барилгыг барьж буй “Жам” компанийн гүйцэтгэх захирал Б.Соёмбоос лавлахад “Сүүлийн хоёр жилд барилгын бүх төрлийн материалын үнэ 2-3 дахин өссөн. Бид 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан ч одоогоор хоёр тэрбумын зардал гаргаад байна. Хэдий тийм боловч ажлаа зогсоолгүй үргэлжлүүлж буй. Барилгын өрлөг, шаврын ажлыг өдгөө дуусгасан. Гэхдээ төсөвт өртгөөс давсан зардал гарч буй учраас цаашид хэрхэхээ мэдэхгүй байна. Манай компанийн зүгээс барилгын төсөвт тодотгол хийхийг холбогдох байгууллагынханд мэдэгдсэн. Бусад аймагт барьж буй барилгын зардал ч санхүүжилтээсээ давж, гүйцэтгэгчид нь өөрсдийн хөрөнгөөр ажлаа урагшлуулж буй. Бид холбоотой ажиллаж байгаа” гэв.
- Дархан-Уул аймагт барьж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүдийн барилгын ажлын явц өнгөрсөн долоо хоногийн байдлаар 80 орчим хувьд хүрчээ. Ажил урагштай буй бөгөөд хугацаанд нь ашиглалтад оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа аймгийн холбогдох албаныхан мэдээлэв.
- Дундговь аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын ажлын явц одоогоор 70 орчим хувьтай байгаа аж. Энэ төвийг байгуулахыг орон нутгийн олон иргэн хүлээж буйг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас онцолсон. Ийм төвтэй болсноор хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөгжихөд дөхөм болохын зэрэгцээ хамгийн гол нь үйлчилгээ авахын тулд заавал нийслэлийг зорихгүйг мөн дурдлаа.
- Ховд аймагт барьж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын ажлын явц одоогоор 95 хувьд хүрчээ. Уг барилгыг “Элбэг гүн” компанийнхан барьж буй бөгөөд дөрвөн тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд багтаан ашиглалтад оруулах юм байна. Тус аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 3039 иргэн оршин суудаг аж. Энэ нь аймгийн нийт хүн амын 2.5 хувь гэнэ. Аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан “Манай аймаг дахь барилгын ажил бараг дуусах шатандаа орсон. Гадна фасадны зарим хэсгийг шиллэх л дутуу байгаа. Хүний нөөцөө ч бэлтгэн, шаардлагатай сургалтад нь хамруулсан. Ирэх есдүгээр сардаа багтаан үйл ажиллагаа эхлүүлэхээр төлөвлөж байна” гэв.
- Хөвсгөл аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүдийн барилгын ажлын явц 70 гаруй хувьд хүрчээ. Ажил нь тасралтгүй үргэлжилж буй бөгөөд санхүүжилттэй нь холбоотой ямар нэгэн хүндрэл үүсээгүйг тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн нь хэллээ. Түүнчлэн дээрх төвд ажиллах хүний нөөцийг бэлтгэхэд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн нэгжийнхэн анхаарч байгаа аж. Одоогоор нийгмийн ажилтнаар дөрвөн хүнийг ажиллуулахаар төлөвлөжээ.