2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг маргаашаас цахимаар бүртгэхээр болсныг Боловсролын ерөнхий газраас мэдээлэв. Тодруулбал, эцэг, эх, асран хамгаалагчид “E-Mongоlia” системд нэвтрэн, хүүхдээ харьяаллын дагуух сургуульд бүртгүүлэх юм. Энэ жил 80 000 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах аж. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон цэцэрлэгийн насны хүүхдүүд өнгөрөгч оны хичээлийн жилээс эхлэн заавал харьяаллын дагуух буюу хамран сургах тойргийн боловсролын байгууллагад хамрагдах шийдвэрийг салбарын яамнаас гаргасан. Энэ хичээлийн жилд ч уг шийдвэр хүчинтэй байх аж. Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан үүний талаар “Хамран сургах тойргоосоо гаднах хүүхдүүдийг авдаг нэг, 11, 18, 23 дугаар сургуулийн бүртгэлийг ил тод явуулна. Хэний хүүхэд хамран сурах тойргийнхоо сургуульд хамрагдаж чадсаныг ил тод болгоно” гэсэн юм. Хүртээмжийн хувьд олон сурагчтай, гурван ээлжид шилжиж болзошгүй 41 сургууль нийслэлд бий гэнэ.
Замын түгжрэлийг бууруулахын тулд хичээлийн шинэ жил эхлэх хугацааг их, дээд болон ерөнхий боловсролын сургуульд харилцан адилгүй тогтооно гэж өмнө нь Засгийн газраас мэдэгдэж байсан. Тэгвэл энэ намар их, дээд сургууль, МСҮТ-ийн хичээлийг есдүгээр сарын 1-нээс долоо хоногийн өмнө эхлүүлэхээр болжээ. Харин ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүд есдүгээр сарын 1-нд үйл ажиллагаагаа эхлүүлэх нь. Түүнчлэн түгжрэл ихтэй газруудад байрлаж буй 20 орчим сургуулийн хичээл эхлэх цагийг 15-30 минутаар урагшлуулах зохицуулалт хийхээр төлөвлөсөн гэнэ.
Бэлтгэсэн А.Түмэн-Өлзий