Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар болон Хатгал сумд гурван чиглэлд 37.9 км хатуу хучилттай зам, долоон байршилд авто зогсоол байгуулах ажил үргэлжилж буй. Үүний нэг хэсэг болох Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 5.5 км замд гажилт, эвдрэл үүсэхээс сэргийлэх зорилгоор гео-нэхмэл, гео-торлог хэмээх хязгаарлагч материал ашиглахаар төлөвлөжээ. Тухайн хэсэг мөнх цэвдэгтэй, намаг ихтэй учир ул хөрсийг ийм байдлаар тусгаарлаж, замын хийцийг хамгаалах боломжтой гэнэ. Энэ нь манай улсын авто зам, барилгын салбарт өмнө нь ашиглаж байгаагүй технологи аж. Тиймээс дээрх чиглэлийн замын судалгаа, төлөвлөлтөд үндэслэсэн “Намаг, цэвдэгтэй хөрсөнд далан төлөвлөх аргачлал”, “Гео-нэхмэл, гео-торлог хязгаарлагч материалыг дэвсэх аргачлал” сэдэвт танхимын болон үзүүлэх сургалтыг энэ сарын 23-нд Хатгалд зохион байгуулахаар болжээ. “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн авто замын техник, технологийн хяналтын багийн олон улсын зөвлөхүүд сургалтыг удирдах бол зам, барилгын салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөл, мэргэжлийн байгууллагын хүмүүс үүнд оролцох боломжтой.
Бэлтгэсэн Н.Буян