Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 39.1-т “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” хэмээн зааж, сайд нар “давхар дээл”-тэй байхыг хязгаарласан нь Үндсэн хуулийн суурь зарчим, үзэл санаа, тодорхой заалтуудтай зөрчилдөж байна гэж Цэц өчигдөр их суудлын хуралдаанаараа шийдвэрлэв.
Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг тул Цэцээс гаргасан дээрх тогтоолыг хэрэгжүүлэх нь хууль тогтоох байгууллагын үүрэг болохыг УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд онцолсон юм. Тэрбээр дээрх шийдвэр гарсны дараа мэдээлэл хийсэн бөгөөд “Ерөнхий сайд өөрийнхөө багийг бүрдүүлэх нөхцөл үүгээр бий боллоо. Нөгөө талаас УИХ-ын гишүүдийн тоог нэмэх үүрэг парламентад ирлээ. Засаглал, эрх мэдлийн тэнцвэрийг хангахын тулд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэж Цэц их суудлын хуралдаанаас гаргасан тогтоолдоо тусгасан. Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өөр аргагүй боллоо. Цэц энэ удаагийн шийдвэрээрээ зөв жишиг тогтоосон” хэмээн онцлов.
Сануулахад, хуульч Д.Үүрцайх, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Үндсэн хуулийн цэцэд дээрх асуудлаар мэдээлэл гаргасан юм. Мөн УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нар үүнтэй ижил агуулга бүхий мэдээлэл гарган, Цэцэд хандсан билээ.