Улсын онцгой комиссоос гангийн эрсдэл өндөр байгаа 10 аймагт үнэлгээ хийжээ. Үүгээр Ховд аймагт өвөлжилт хүндрэх эрсдэл маш их, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймаг их, Увс, Говь-Алтай, Архангай аймаг дунд зэрэг гарсан байна. Улмаар Баян-Өлгий, Завхан аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэхэд онцгойлон анхаарахыг албаныхан даалгасан аж. Учир нь сүүлийн гурван жилд дээрх аймгуудын аюулгүйн нөөц бүрдүүлэлт 50 хувьд хүрээгүй аж. Энэ жилийн хувьд орон нутагт өвс, тэжээл бэлтгэхтэй холбоотойгоор Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргахгүй гэнэ. Ташрамд дурдахад, цаг уурын байгууллагаас боловсруулсан урьдчилсан мэдээгээр ес, аравдугаар сард Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж, эрт хүйтрэх магадлалтайг анхааруулав.
Бэлтгэсэн Б.Уран