Монгол бол гадаад өрийн дарамттай, хойдохоороо урд хормойгоо нөхөн хөгжиж буй улс. Манай улсын гадаад өр энэ оны эхний улирлын байдлаар 33.89 тэрбум ам.долларт хүрчээ. Эдийн засагчид, судлаачид манай гадаад өрийн хэмжээг хөгжиж буй орнуудын хязгаарын түвшнээс 2-3 дахин давсан гэж үздэг. Монгол Улс эдийн засгаа дэмжих, тэлэх зорилтоо гадаад, дотоодын зээлээр санхүүжүүлэх бодлого баримталсаар ирсэн. Энэ нь өрийн дарамт үүсгэж, эдийн засгаа эмзэг нөхцөлд оруулж буй юм. Тиймээс өрийн менежментээ сайжруулах, стратегиа өөрчлөх шаардлага нэгэнт үүсжээ.
Гадаад өрийг дотор нь Засгийн газрын, Төвбанкны, хадгаламжийн байгууллагуудын, бусад салбарын, компани хоорондын зээллэгийн гэж ангилдаг. Засгийн газар энэ оны эхний улирлын байдлаар 8.37, Төвбанк 2.6, хадгаламжийн байгууллагууд 1.43, бусад салбар 8.92, компани хоорондын зээллэгээр 12.57 тэрбум ам.долларынөр тавьжээ. Монголын төр 2012 оноос хойш 3-10 жилийн хугацаатай “Чингис”, “Дим сам”, “Мазаалай”, “Хуралдай”, “Гэрэгэ”, “Номад”, “Сенчири” зэрэг долоон бондыг гадаадын зах зээлд гаргасан.
Засгийн газрын өрийн 5.76 тэрбум “ногоон”-ыг зээл, 2.6 тэрбумыг нь өрийн бичиг эзэлж буй. Монгол Улсын Засгийн газар 2023 онд “Гэрэгэ” бондын 540 сая ам.доллар, Хөгжлийн банкны Засгийн газраар баталгаа гаргуулж авсан “Самурай” бондын 730 тэрбум төгрөгийг төлөх ёстой. Мөн Хөгжлийн банкны “Евро” бондын 500 сая ам.долларын өрийг төлөх аж. Сангийн сайд Б.Жавхлан “Евро” бондын 500 сая ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулахаа мэдэгдээд буй.
Манай улсын гадаад валютын албан нөөц гурван тэрбум ам.доллар хүртэл буурсан. Үүнээс доошлуулах боломж бараг байхгүй. Гадаад валютын албан нөөцийн нэг тэрбумаар нь өрөө дарчихвал импортын хэрэгцээгээ хангах, валютын ханшийн хэт хэлбэлзлийг сааруулах ам.долларгүй болно. Хэрэв Төвбанканд зургаан тэрбум ам.долларын нөөц байсан бол түүнээсээ өрөө дарах бүрэн боломжтой. УИХ энэ оны төсвийг 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар баталсан. Төсвийн алдагдлыг өр тавьж нөхөхөөс өөр гарцгүй. Төсөв нь ашигтай байсан бол түүгээрээ өрөө төлөх боломжтой байв. Өөрийн халааснаас мөнгө гаргаж, өрөө төлөх чадалгүй учраас Монгол Улсыг дефолт зарлах магадлалтай 10 орны тоонд оруулаад буй. Өөрөөр хэлбэл, өрөө төлж чадахгүйгээ зарлах орны тоонд оруулсан гэсэн үг. Үүнээс улбаалан манай улс дефолт зарлах гэж байна гэсэн мэдээлэл түгээх болов. Сангийн сайд Б.Жавхлан дефолт зарлах нөхцөл үүсээгүйг мэдэгдсэн. Сангийн яамныхан дахин санхүүжилт хийх буюу өөр нэгнээс мөнгө зээлж, өрөө төлөх арга хэрэглэх байх. Өмнө нь ч ийм арга ашиглаж ирсэн. Тиймээс хойдохоороо урд хормойгоо нөхдөг улс гэж онцлоод буй юм.
Төвбанкны нийт гадаад өрийн 1.88 тэрбум ам.долларыг Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцлийн дагуу авч ашигласан юань эзэлж буй. Тус банк валютын зах зээлд ханш тогтворжуулах, төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхөх зорилгоор өмнөд хөршийн Ардын банкнаас юань авч хэрэглэж байгаа билээ. Хадгаламжийн байгууллагууд 1.43 тэрбум ам.долларын санхүүгийн эх үүсвэр гадаадаас татжээ. Банкууд бонд, өрийн бичиг гаргаж, гадаадаас хямд санхүүжилт татан, дотоодод зээл олгодог. Бусад салбар буюу хувийн хэвшлийнхэн 8.92 тэрбум ам.доллар гадаадаас зээлж, бизнесийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Компани хоорондын зээллэгээр манай улс 12.57 тэрбум “ногоон”-ы өр тавьсан нь “Оюутолгой” компанитай шууд холбоотой. “Рио тинто” группийн “Оюутолгой” төслийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлж буй хөрөнгийг гадаад өр гэж бүртгэдэг. Тиймээс “Оюутолгой” компанийн зээл манай улсын гадаад өрийн 35 хувийг бүрдүүлж байна.
Улсын гадаад өрийн өнөөгийн нөхцөлийг эдийн засгийн идэвхжил сул, томоохон төслүүдээ “хөдөлгөж” эхлээгүй байсан 2010 оныхтой харьцуулъя. Тухайн жилийн эцэст улсын нийт гадаад өрийн хэмжээ 7.13 тэрбум ам.долларт хүрчээ. Засгийн газар 1.88, Төвбанк 0.27, хадгаламжийн байгууллага 0.51, бусад салбар 1.47, компани хоорондын зээллэгээр 2.98 тэрбум ам.долларын гадаад өр тавьсан байж. Монгол Улсын нийт гадаад өр сүүлийн 12 жилд бараг тав дахин өссөн нь харагдаж байна.
Нийт өрөөс хамгийн их анхаарал тавих учиртай нь Засгийн газрынх. Монгол Улсын төр, засгийн чадамж сул учраас зээлсэн мөнгөө үр ашиггүй зүйлд зарцуулах магадлал өндөр. Тиймээс их өр тавих нь санаа зовоосон асуудал болдог. Засгийн газрын өр 2021 онд 26.9 их наяд төгрөгт хүрчээ. Үүнийг өнөөдрийн үнэ цэнээр тооцвол дотоодын нийт бүтээгдэхүүний 50.8 хувьтай тэнцэх гэнэ. Засгийн газрын өрийн 52 орчим хувь нь 2016 онд арилжааны нөхцөлтэй зээл байсан. Тэгвэл өнгөрсөн оны байдлаар арилжааны нөхцөлтэй зээлийг 33.6 хувь хүртэл бууруулжээ. Үндэсний аудитын газраас 2018-2020 оны байдлаарх шинээр олгосон болон үргэлжилж буй гадаад зээл, тусламжийн ашиглалтад аудит хийжээ. Засгийн газрын гадаад зээлийн хэмжээ 2018 онд өмнөх жилийнхээсээ 22.3, 2019 онд 14.3, 2020 онд 28.9 хувиар өссөн байна. Нийт авсан зээлийн 44 орчим хувийг төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулсан аж. Тэгвэл 16.5 хувийг зам, тээвэр, 7.2-ыг нь эрчим хүч, 5.3-ыг нь усан хангамж, хотын дэд бүтэц, 4.6-ыг нь эрүүл мэнд, 2.5-ыг нь боловсролын салбарт зарцуулсан байна. Улмаар Үндэсний аудитын газраас хандивлагч орон, олон улсын байгууллагын зээлээр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх эрх зүйн зохицуулалт бүрэн бүрдээгүй. Төлөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг батлан хэрэгжүүлсэн нь нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нь бууруулсан, бодлогын баримт бичгийн хэрэгжилт хангагдахгүй байна гэсэн дүгнэлт гаргасан юм.
Эдийн засагчид өрийн дарамтыг хөнгөрүүлэхийн тулд төсвийн алдагдлаа бууруулж, нэмж их хэмжээний өр тавихгүй байх, гадаадын зээлээр экспортыг дэмжих төслүүдийг санхүүжүүлэх байдлаар стратегиа өөрчлөх хэрэгтэйг сануулдаг. Экспортыг дэмжих төслүүдийг дэмжвэл гадаадаас манайд оруулж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлнэ. Тэр нь хожим өрөө төлөхөд дэм болох юм. Мөн тухайн жилд гадаадаас авах зээлийн хэмжээг хатуу хуульчлан тогтоох хэрэгтэй гэж зарим нь үздэг. Өрийн менежментээ өөрчилж, дарамтыг хөнгөрүүлэх нь зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ гэдэгтэй хэн ч маргахгүй биз.