Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа авто зам, зогсоолын ажлын явцтай танилцав.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт очиж ажиллах боловсон хүчнийг дэмжинэ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос хөдөөд очиж байгаа иргэдээ "Шинэ үеийн илгээлтийн эзэд" гэж нэрлэнэ. Тэгээд ипотекийн зээлийн багц дэмжлэг өгнө. Хөдөөд шилжин очиж байгаа төрийн албан хаагчийн цалинг хоёр дахин нэмэгдүүлнэ. Мөн нэг удаагийн тэтгэмж өгнө. Харин нөгөө талдаа Улаанбаатарт ирж байгаа хүмүүс татвар төлдөг болно. Ингэж бид бодитой зохицуулалт хийхгүй бол цаг хугацаа өнгөрөх тусам Улаанбаатар хотын асуудал улам хүнд болно. Хүн ам өснө, автомашины тоо нэмэгдэнэ, эдийн засаг өснө, ажлын байр нэмэгдэнэ. Ингээд бид нутаг дэвсгэрийнхээ 0.3 хувьд төвлөрсөөр байгаад нэг хот улс болно. Энэ үндэсний аюулгүй байдлын асуудал болж, алс хязгаар нутаг эзгүйднэ" гэв.