Монголын хөрөнгийн бирж энэ оны эхний хагас жилийн тоймоо гаргажээ. Хөрөнгийн биржийн ТОП-20 индекс энэ оны эхний хагас жилд 44 119.22 нэгжид хүрч өсөв. Эхний хагаст доод үзүүлэлт нь 32 795.68, дундаж нь 37 759.42 нэгж байжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 713.33 нэгж буюу 2.13 хувиар буурсан байна. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн зургадугаар сарын 30-ны байдлаар 4.84 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс нэг их наяд төгрөг буюу 27.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Тус үзүүлэлтийг оны эхэнтэй харьцуулахад 1.18 их наяд төгрөг буюу 19.6 хувиар буурсан байна.
Үнэт цаасны арилжааны хувьд эхний хагас жилд нийт 122 удаагийн 276 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Тодруулбал, хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 135 хувьцаат компанийн 151 сая ширхэг хувьцааг 114 тэрбум төгрөгөөр борлуулжээ. Мөн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 580 мянган ширхэг үнэт цаасыг 58 тэрбум төгрөгөөр худалдсан аж. Түүнчлэн хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4.9 сая ширхэг нэгж эрхийг 2.3 тэрбум төгрөгөөр заржээ. Компанийн бондын анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 940 мянган ширхэг бондыг 102 тэрбум төгрөгөөр борлуулсан гэнэ. Тайлант хугацаанд өдөрт дунджаар 1.3 сая ширхэг үнэт цаасыг 2.3 тэрбум төгрөгөөр арилжжээ.