Наадам, баяр орон даяар зунжин үргэлжлэв. Намаршсан ч наадмууд дуусах шинж алга. Үндэсний их баяр наадмаа Тулгар төр байгуулагдсаны түүхт 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойтой хамтатган зохион байгуулж, 1024 бөх барилдуулсан. Шинэ аварга төрсөн болоод ч тэр үү, наадамчид сэтгэл хангалуун гэж жигтэйхэн байв. Жилийн дөрвөн улирлын аясаар аж ахуйгаа хөтөлж, амьдралаа зохион байгуулдаг малч ухаант монголчууд “Наадмын маргааш намар” гэж өөрийн эрхгүй гаргаж ирсэн хэлц гэмээр үгтэй. Үнэндээ ч долдугаар сарын сүүлчээс намрын шинж ороод ирдэг тул малчид, тариаланчид хадлан, тарианы ажилдаа ханцуй шамладаг бичигдээгүй хуультай сан.
Гэтэл сүүлийн жилүүдэд наадмын маргааш намар эхэлдэггүй юм шиг, наймдугаар сард хяруу унаж, есдүгээр сарын эхээр хөрсөн дээр цочир хүйтэрдэггүй мэт болов. Хэн хүнгүй тэр ч аймаг, сумын наадам хэмээн хэрэн хэсдэг жишиг тогтлоо. Хотынхонд үзэж харах, баясах, ярих юмтай таатай байдаг биз. Гэтэл энэ Монгол Улсыг махнаас авхуулаад бүхий л төрлийн хүнсээр хангадаг малчид, тариаланчдад энэ олон наадам, төрөл бүрийн баяр дарамт болдог гэлтэй. Эрхбиш насаараа хийсэн ажил юм болохоор түүртэх нь гайгүй санагдавч хотынхны хөлд дарагдаад ирэхээр наадам угтсан их ажилд зүдэрсэн бие, сэтгэлээ амрааж, алжаал тайлж чадахаа больсон тухай ярьцгаах болсон байна лээ. Наадмаар бодох санах юмгүй баярлаж цэнгээд, маргааш нь шахам намрын ажилдаа алсаас аажуу уужуу бэлтгэдэг уламжлалтай, дэгтэй улс арга байж уу. Энэ талаас нь бодсон ч хөл, толгойгоо алдах мэт хөөрцөглөх шалтгаан болсон энэ олон наадам, баярыг цэгцлэх цаг иржээ.
Нөгөө талаас нь авч үзье. Үндэсний их баяр наадмын тухай хуулиар бол Үндэсний их баяр наадмын дараа аймаг, сумд наадам зохион байгуулах учиргүй. Эш татъя. Тус хуулийн 5.1-т “Үндэсний их баяр наадам нь улс, аймаг, сумын баяр наадмаас бүрдэнэ. Уг зүйлийн 2-т, хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадмыг жил бүр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.1-т заасны дагуу аймаг, сумын баяр наадмыг долдугаар сарын 10, 11-нд, улсын баяр наадмыг долдугаар сарын 11, 12, 13-нд улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэнэ” гэж бий. Энэ нь УИХ-аас баталсан хууль тул Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүр биелүүлэх ёстой. Гэтэл өнөөдөр яаж байна. Хэдэн аймаг, сум Үндэсний их баярын дараа наадмаа зохион байгуулав. Бүгд шат, шатандаа, хэн хүнгүй хууль хээв нэг зөрчөөд байгаа юм биш үү. Бүгдэд нь толгой дараалуулан хуулийн хариуцлага хүлээлгэх учиртай болж байх шиг. Тэгнэ гэвэл хэн нь хэндээ хариуцлага тооцож, хэн нэхэмжлэгч, хэн хариуцагч болох вэ. Ийм замбараагүй байдлыг юу гэж нэрлэх вэ, эрхзүйн дампуурал гэх үү. Энэ байдалтай холбоотойгоор УИХ нь Засгийн газартаа хариуцлага тооцож чадах уу.
Үндэсний баяр наадмын тухай хуулийн 5.3-т “Онцгой нөхцөл байдлаас шалтгаалан энэ зүйлийн 5.2-т зааснаас өөр өдрүүдэд улс, аймаг, сумын баяр наадмыг тэмдэглэх бөгөөд улс, аймгийн баяр наадмын хугацааг Засгийн газар, сумын баяр наадмын хугацааг аймгийн Засаг дарга тогтооно” гэжээ. Энэ жил долдугаар сарын сүүлчээр наадам зохион байгуулсан гурван аймагт ямар онцгой нөхцөл байдал тулгарсан бэ. Үер, түймэр, ган гачиг болсон уу, үгүй. Хуулийн 5.5-д “Улсын баяр наадмыг нийслэл хотод, эсхүл Засгийн газраас тогтоосон газарт, аймаг, сумын баяр наадмыг тухайн шатны Засаг даргын тогтоосон газарт тэмдэглэнэ” гэж бий.
Үүний зэрэгцээ, ялангуяа аймгийн Засаг дарга нарын урдаа барьдаг нэгэн эрх зүйн баримт байгаа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль юм. Аймгуудын Засаг дарга нар үүний 60.1.21, 66.1 дэх хэсгийг тус тус үндэслэн, наадам зохион байгуулах товыг зарладаг аж. Хуулийн 60 дугаар зүйл гэдэг нь “Аймгийн Засаг даргын бүрэн эрх” гэсэн бүлэг юм. 60.1.21-т “Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх” гэж буй. Мөн уг хуулийн 66.1-т “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж байдаг. Эдгээр заалтыг өмнөө бариад л, үзгээ бариад дайрчихдаг хүмүүс бол аймгуудын Засаг дарга нар аж. Тэдэнд энэ жилийн тухайд лав Үндэсний баяр наадмын тухай, өнгөрсөн зургадугаар сард УИХ-аар баталсан, тэр өдрөөсөө шахам хэрэгжсэн хууль үйлчилсэнгүй.
Энэ асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хандаж ямар учиртайг лавлахыг оролдсон юм. Дарга нар нь байсангүй. Харин нэгэн түшмэл “Харин тийм ээ. Энэ хоёр талтай асуудал болоод байна. Бид Хэрэг эрхлэх газрын хүрээнд ярилцсан. УИХ-ын хүрээнд ч гэсэн анхаарч байгаа юм билээ. Аль аль субъектийн тухайд юу голчилж ярьсан бэ гэвэл орон нутагт наадам, баяр тасрахгүй байгаа нь УИХ-ын гишүүдтэй ихээхэн холбоотой. Тэдний очсон газар бүрт наадамтай, баяртай угтах гэж орон нутгийнхан хөл алддаг зуршил арилахгүй байна гэж ярьсан” хэмээв. Нөхцөл байдал “ханатай” санагдлаа.
Үндэсний их баяр наадмын дараа аймаг, сумын наадам зохион байгуулахгүй, бүгдийг нэг дор явуулдаг болно гэж заасан хуулиа хэрэгжүүлэх өдөр эрхбиш ирнэ гэж найдъя.
Мэдээж зөвхөн Үндэсний их баяр наадмаар үүх түүх, өв уламжлалынхаа бүхий л талын давтагдашгүйг бүгдэд, тэр дундаа гадаадынханд харуулах боломжгүй. Тиймээс соёл, аялал жуулчлалын ач холбогдолтой тухайлбал, шашин, соёлын “Даншиг”, соёлын биет бус өвийн гэж байснаа өдгөө “Нүүдэлчин” хэмээн тодотгож, Горхи, Тэрэлжид товлосон наадам зэргийг дэмжмээр. Ялангуяа соёлын биет бус өвийн “Нүүдэлчин” фестивалийг дэлхийн чихэнд хүртэл түрж гаргаж ирэх нь зүйтэй санагдана. Гадаад ертөнцөд Монгол Улс наадам гэдэг томоохон арга хэмжээтэй гэдэг ойлголт байдаг. Жуулчид бүгд долдугаар сард манай улсыг зорьж ирэх боломжгүй бол наймдугаар сард энэхүү фестивалийг үзэхээр, оролцохоор ирэх нь нээлттэй байг. Гэхдээ ямар ч наадам байсан хуульд заасанчлан энэ бүхнийг наймдугаар сарын 10-ны дотор зохион байгуулах нь олон талаар тустай санагдана.
Ер нь орон нутагт Үндэсний их баяр наадмын дараа намрын ажилдаа бэлтгэх хандлага жил ирэх тусам хумигдаад байх шиг. Ажилгүй хэрнээ гоёж гангалаад, наадмаас наадам, баяраас баярт явж л байвал сэтгэл ханах явцгүй зуршилтай хүн олширсон нь илт. Орон даяар ажилгүйдэл нэмэгдсээр байгаа нь судалгаануудаас ч харагддаг шүү дээ. Энэ бүхэнд дээр дурдсанчлан орон нутгаас сонгогдож, хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсон эрхэм гишүүд нөлөөлөөд ч байх шиг.
Тухайлбал, Төв аймгийн Баянцагаан сум наадмаа Үндэсний их баяртай зэрэг зохион байгуулжээ. Үүндээ сэтгэл ханаагүй мэт долдугаар сарын 29-нд “Зууны манлай хурдны өлгий нутаг” хэмээн тодотгож байгаад “Төв түмний цэнгэл 2022” гэх бас нэгэн наадам зохион байгуулж, газар, газрынхныг урин дуудсан. Удирдамждаа “Монгол түмний уламжлалт их өв соёл, дархлаа болсон эрийн гурван наадам, мал аж ахуй, зан заншлыг түгээн дэлгэрүүлэх, Төв аймгийн хамгийн хурдан хүлгүүд, хүчит бөхчүүд, мэргэн харваачдаа шалгаруулах, хос морьтон, айргийн соёл, хуруу дэмбээ зэрэг өв соёл тээгчид, урчууд, үйлдвэрлэгчдээ алдаршуулах “Төв түмний цэнгэл 2022” наадмыг зохион байгуулна” гэжээ.
Төв аймгийн Батсүмбэр сумынхан энэ сарын 18-20-нд цагаан идээний баяр зохион байгуулах гэж байна. Аймгийн бүхий л сумаас малчид оролцоно гэж мэдүүлсэн байна билээ. Хадлангийн ид цагаар бас нэгэн баяр, угтаа наадам, бараг л найр.
Япон Улсад дэлхийн II дайны дараа караоке дэлгэрсэн юм билээ. Дайн, самуун, ялангуяа цөмийн бөмбөгдөлтөд амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн, тахир дутуу болсон хүмүүс хаа сайгүй архи ууж, дуулж өдрийг барж, сэтгэл санаагаа өргөдөг байсан гэдэг. Монгол даяар хаа сайгүй үргэлжлэх наадам, баяр, зугаа цэнгэлийг харахад ийм нэгэн түүх эрхгүй санаанд орох юм