Эгийн гол дээр усан цахилгаан станц барих шийдвэр гаргасны 31 жилийн ой энэ онд тохиож байна. Анх 1991 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Эгийн гол дээр 220 МВт-ын хүчин чадалтай УЦС барих шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргасан түүхтэй. Манай улсад УЦС барих боломжтой байгалийн тогтоцтой 11 газар бийг судалгаагаар тогтоосон байдаг. Эдгээрээс эрчим хүчний системд нөлөө бүхий өндөр хүчин чадалтай станц барих боломжтой нь Эгийн гол юм. Тэнд цахилгаан станц барихаар 1996, 2007 онд Засгийн газраас шийдвэрлэсэн. Улмаар Засгийн газар 2013 онд Эгийн голын УЦС-ыг барих тухай шийдвэр дахин гаргасан юм. Үүний хүрээнд төслийн нэгж байгуулан, станц барих техник, эдийн засгийн үндэслэл, судалгааг шинэчлэн боловсруулсан. Шинэчилсэн ТЭЗҮ-ээр тэнд 315 МВт-ын хүчин чадалтай станц барихаар болсон. Ингээд БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, 2016 оноос станцын барилга угсралтын ажлыг эхлүүлсэн билээ. Гэвч ОХУ-аас ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргаснаар энэ ажил саатаад байна.
Ерөөс Эгийн гол дээр УЦС барих ажлыг хойд хөршийнхөн бодлогоор саатуулсаар ирсэн нь илэрхий байдаг. Хойд хөршийнхөн Эгийн гол дээр УЦС баривал Сэлэнгэ мөрний урсац багасна. Тэр нь Байгал нуурын экосистемд сөрөг нөлөөтэй гэж үздэг. Эрчим хүч, байгаль орчны салбарынхан оросуудын үгийг хоосон шалтаг гэдэг. Тэд “Оросууд Байгал нуураар шалтаглан усан цахилгаан станц бариулахгүй байх саад тавьдаг. Хойд хөршийнхөн манай улсыг эрчим хүчний хараат байлгах сонирхлоо ингэж хэрэгжүүлдэг. Түүнээс биш Эгийн гол дээр УЦС барьснаар Сэлэнгэ мөрний урсац багасахгүй” хэмээдэг. Өнгөрсөн хугацаанд “Эгийн голын усан цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компани, ШУА-тай хамтарч хийсэн судалгаагаар “Энэ төсөл ОХУ-ын Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй” гэсэн дүгнэлт гаргасан. Гэвч оросууд саяхныг болтол Байгал нуурт сөрөг нөлөөтэй гэж тайлбарласаар байсан юм.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров манай улсад өнгөрсөн сарын 5-нд ажлын айлчлал хийсэн. Энэ үеэр С.В.Лавров Эгийн гол дээр УЦС барихыг дэмжсэн таатай үг амнаасаа унагасныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг төслийн талбайд өнгөрсөн даваа гарагт ажиллахдаа дуулгав. Тэрбээр “ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой Эгийн гол дээр УЦС барих талаар нарийвчлан ярилцсан. ОХУ-ын Засгийн газраас татгалзах зүйлгүй хэмээгээд, боломжит бүх хувилбараар дэмжихээ илэрхийллээ. Эрдэнэбүрэнгийнхтэй адил байдлаар Эгийн гол дээр УЦС барих асуудлыг шийдвэрлэж чадвал “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн зорилтын 90-ээд хувь биелнэ” гэж ярив. С.В.Лавров оросууд бодлоо өөрчилснийг илэрхийлээд буцжээ. Украин руу дайрсны улмаас ОХУ олон улстай хүйтэн харилцаатай болсон. Найзтай байхын тулд тэд стратегийн зарим бодлогоо эргэн харж, зөөлрүүлж байх шиг. С.В.Лавров дэмжинэ гэж хэлсэн л бол Эгийн гол дээр УЦС барих төсөл “хөдлөх” нь бараг тодорхой гэсэн үг.
Оросуудыг “За” гэж дуугаргаж чадсан гэдэг бол том давааг давсан явдал. Одоо дахиад нэг даваа бий. Оросууд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргасныг дээр дурдсан. Манай улс олон улсын тендер зарлаж, Францын компаниар биологийн нөлөөллийн судалгаа хийлгэж байгаа. Уг судалгааны эцсийн дүгнэлт ирэх аравдугаар сард гарах аж. Эх сурвалжийн мэдээлснээр Эгийн гол дээр УЦС барих нь Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын биологид сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гаргах нь тодорхой болсон гэнэ. Уг судалгааны дүнг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны ирэх оны хурлаар танилцуулж, нааштай шийдвэр гаргуулбал Эгийн голын УЦС төсөл үргэлжлэх боломж бүрдэх юм. Оросууд элдэв тээг тавихгүй бол нааштай шийдвэр гаргуулах өндөр магадлалтай байгаа юмсанж.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш энэ өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнтэй уулзах үеэрээ Монгол Улсыг эрчим хүчний хараат байдлаас гаргах чухал төсөлтэй холбоотой нааштай шийдвэрийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар гаргахад дэмжлэг үзүүлэхийг хүсжээ. Антониу Гутерриш “Хөгжиж буй орнууд эрчим хүчний хараат байдалд байж болохгүй. Тиймээс судалгааны үр дүнтэй танилцаад, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн 46 дугаар чуулганы үеэр НҮБ бодлогын дэмжлэг үзүүлэх болно” гэжээ. Тэрбээр Эгийн гол дээр УЦС барих төслийг “хөдөлгөх” таатай үгийг ийн хэлэв.
Эгийн гол дээр өндөр хүчин чадалтай УЦС барьснаар ОХУ-аас эрчим хүч импортлох шаардлагагүй болно. Түүгээр зогсохгүй төвийн бүсийн эрчим хүчний систем чадлын тохируулга хийдэг станцтай болох юм. Нүүрс шатааж эрчим хүч үйлдвэрлэдэг цахилгаан станцуудын турбенийг унтрааж болдоггүй. Тиймээс эрчим хүчний хэрэглээ бага үед ч, өндөр байсан ч тогтмол цахилгаан үйлдвэрлэдэг. Харин усан цахилгаан станцын турбенийг унтрааж болдог. Тэгэхээр эрчим хүчний хэрэглээ багассан үед станцын үйлдвэрлэлийг бууруулж, тохируулга хийж болох юм.
Одоо манай улс тохируулга хийх станцгүй учраас өндөр ачаалалтай үедээ ОХУ-аас цахилгаан импортолдог. Ачаалал буурахаар тэдний дамжуулах шугамаар илүүдэл эрчим хүчээ нийлүүлж, тохируулга хийдэг юм. Эгийн гол дээр УЦС барьснаар өндөр ачаалалтай үед бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж, буурахаар үйлдвэрлэлийг багасгах боломж бүрдэнэ. Тус салбарынхан Эгийн голын УЦС төвийн бүсийн эрчим хүчний системд чадлын тохируулга хийх нөхцөл бүрдүүлэхээрээ маш том давуутай гэж ярьдаг. Тохируулга хийдэг болсноор нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг эвдрэл, гэмтэл ч буурна гэж тэд тооцдог.
Дэлхий даяар нүүрсээр ажилладаг цахилгаан станц барихаас татгалзаж, сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлж байна. Банк санхүүгийн байгууллагууд ч хүлэмжийн хийг нэмэгдүүлэх төслүүдэд зээл олгохоос татгалзах болсон. Тиймээс Эгийн гол дээр цахилгаан станц барих нь дэлхий нийтийн чиг хандлагатай ч нийцэж буй юм. Санхүүжилт ч хялбар олдох нь дамжиггүй. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар нааштай шийдвэр гаргавал манайхан санхүүжилт “босгох” ажилдаа орох нь дамжиггүй. Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэхэд 800 орчим сая ам.долларын санхүүжилт хэрэгтэй. Ийм хэмжээний санхүүжилтээр станц барьсны дараа Монгол Улс хөрөнгө оруулалтаас нь хэд дахин өндөр үр ашиг хүртэх юм.
Одоогоор манай улс эрчим хүч импортлоход жилд 500 орчим тэрбум төгрөг зарцуулж буй. Уг УЦС-ыг барьснаар дээрх хэмжээний мөнгө дотоод зах зээлд үлдэнэ. Цаашлаад улс орны төлбөрийн тэнцэл сайжрах юм. Станцыг барьснаар Тэрхийн цагаанаас гурав дахин том нуур үүсэх тооцоотой. Шинэ нуур бий болох нь аялал жуулчлал хөгжүүлэх боломжийг нээх юм. Эгийн голын УЦС-ыг барьж чадвал монголчууд эрчим хүчний салбартаа төдийгүй эдийн засгийн орчиндоо ч маш том амжилт олох болно.