Шинэ сэргэлтийн бодлогын нэгж сэргэлт, боомт дээр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт мэдээллийг өглөө.
Тэрбээр, “Шинэ сэргэлтийн бодлогын нэг хэсэг нь боомтын сэргэлт. Энэ чиглэлээр хийж буй ажлуудыг өнөөдрийн засгийн хуралдаанаар танилцууллаа. Нийт 94 төслийн ажлыг тусгасан. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчлах үеэр Ерөнхий сайд хоёр улсын боомтуудын нарийвчилсан төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй ярьсан. Ерөнхий сайд газрын зураг дэлгэж байгаад боомтуудын асуудлыг нэг бүрчлэн ярьсан байна лээ. Гэхдээ энэ уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна. Ажил хэрэгч яриа болж боомтуудынхаа ачаа тээврийн нөхцөл байдал, цаашид тухайн боомтыг ямар зориулалтаар ашиглах нь эдийн засгийн хувьд хоёр талдаа ямар ашигтай вэ гэдгийг ярьсан. Үүний дагуу тодорхой ажлууд хийгдэнэ.
Манай улс ОХУ-тай 16, БНХАУ-тай 17 боомтоор холбогддог. Үүнээс ОХУ-тай холбогдож буй дөрвөн боомт нь ерөнхий төлөвлөгөөтэй, хоёр нь хэсэгчилсэн төлөвлөгөөтэй бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. БНХАУ-тай холбогдож буй боомтуудаас долоон боомт нь ерөнхий төлөвлөгөөтэй, дөрөв нь хэсэгчилсэн төлөвлөгөөтэй. Үүний дагуу бүтээн байгуулалтын ажил явж байна. Ирэх оны төсөвт боомтуудын ерөнхий төлөвлөгөөнд зориулж төсөв суулгана. Үүнд дэд бүтэц, ачаа тээврийн терминал, зорчигч угтах байр гэх мэт ажлууд багтана. Зарим нэмэлт бүтээн байгуулалтыг хувийн хэвшлийн хөрөнгөөр, концессын гэрээгээр хийнэ. Мөн зарим боомтод газрын асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулна. Бид бүх боомтоо авто замаар, гол боомтуудаа төмөр замаар холбоно. Засгийн газраас бидэнд бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө" гэдгийг хэллээ.