Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээрийн эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Монгол, Хятадын өнөөгийн байдлын хамтын үйл ажиллагааг дүгнэж, цаашдын ажлын айлчлалын давтамжийг хадгална. Түүнчлэн хоёр улсын гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, 2023-2024 оны хооронд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.
Монгол Улсын урт хугацааны "Алсын хараа-2050" хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлж байна. Энэхүү бодлого нь зургаан чиглэлийг хамруулж байгаагаас боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлтийг онцолж буй. Эдгээрийг оновчтой хэрэгжүүлснээр боомтын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин өснө. Мөн эрчим хүчний чадал 2.5 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төслүүд бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрдэнэ. Эдгээр төслүүдийн үр дүнд 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, ДНБ буюу эдийн засаг хоёр дахин тэлнэ гэж үзэж байна" гэж уулзалтын эхэнд хэллээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И "БНХАУ-ын Засгийн газар Монгол, Хятадын харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаа. Хоёр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэнэ. Монгол Улсын талаас “Нэг-Хятад” бодлогыг тууштай дэмжиж байгаагаа дахин нотолж, бусад улс орнууд Тайвань, Шинжаань, Хонгконгтой холбоотой Хятадын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохгүй гэдгээ илэрхийлснийг сайшааж, талархал илэрхийлж байна. “Шинэ сэргэлтийн бодлого” 2025 он хүртэл хэрэгжих хүрээнд танай найдвартай урт хугацааны түнш байх болно. Хоёр улсын хооронд нээх боломжтой бүхий л боомтуудыг нээн, төмөр зам, авто зам зэрэг экспортын хамтын ажиллагааг эрчимжүүлье. Мөн Гашуунсухайт-Ганцмод хооронд хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан" хэмээлээ.